Нийгэм

Анх удаа нөхөн сэргээлтийн ажлыг тусгай дансанд байршуулсан барьцаа мөнгөөр хийнэ

Нийтэлсэн

МУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Ногоон хөгжлийн арван гол ажил тусгагдсан. Үүний нэг нь уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч сүйдсэн газар нутгийг нөхөн сэргээх ажил юм. Улсын хэмжээнд 2020 оны байдлаар уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч сүйдсэн 18366 га талбай байгаа бөгөөд ашиглагдаж дууссан буюу нөхөн сэргээх боломжтой 7609 га талбай байгаа гэсэн судалгаа гарсан байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 612 га талбайд техникийн, 440 га талбайд биологийн нөхөн сэргээлтийн ажил явагдаж байна.Байгаль орчин аялал жуулчлалын яам нь ХАН зарчим буюу хамгаална, ашиглана, нөхөн сэргээнэ гэсэн зарчмыг гол чиглэлээ болгон ажиллаж байгаа. Энэ хүрээнд нөхөн сэргээлтийн ажилд онцгойлон анхаарал хандуулж тусгай зөвшөөрөлтэй ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолт явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажлыг зохих журмын дагуу хийгээгүй тохиолдолд эрхийг шууд цуцлах ажлыг эрчимтэй хийсэн. Түүнчлэн нөхөн сэргээлтийн ажлыг явуулах мэргэжлийн байгууллагуудын тусгай зөвшөөрлийг өнгөрсөн оноос энэ оныг дуустал шинээр олгохгүй, эрхийг сунгахгүй байх шийдвэрийг гаргасан. Учир нь нөхөн сэргээлт нэрийн дор ашигт малтмалын олборлолт хийх, нөхөн сэргээлтийг зохих журмын дагуу хийхгүй байх гэх мэт зөрчлүүд ихээр гарсантай холбоотойгоор тус шийдвэрийг гаргасан юм. Зөрчил гаргасан нь тогтоогдсон нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг тухай бүрд нь бүрэн цуцалж өнөөдрийн байдлаар эрх бүхий 61 мэргэжлийн байгууллага нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг явуулж байна.

 

Салбар яамнаас уул уурхайн олборлолт хийх зөвшөөрөл авсан байгууллага байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгааны мөнгөн хөрөнгийг “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай данс”-нд төвлөрүүлдэг.Өнөөдрийн байдлаар /2020.09.07/ тус дансанд 17 тэрбум гаруй төгрөг төвлөрөөд байна. Тэгвэл анх удаа нөхөн сэргээлтийн тусгай дансанд байршуулсан барьцааны мөнгөөр нөхөн сэргэлтийн ажлыг Архангай аймгийн Цэнхэр суманд хийх гэж байна. Тус сумын 862 га газарт уул уурхайн үйл ажиллагаа явагдсан бөгөөд 531 га талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай байгаа юм. 1999 оноос эхэлж ашиглалт хийгдсэн учраас биологиийн нөхөн сэргээлт хийхэд нэлээн хүндрэлтэй болсныг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Тиймээс эхний ээлжинд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг тус суманд хийх юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Exit mobile version