Нийгэм
Я.Содбаатар: Энэ онд утааг 80 хувь хүртэл бууруулна
Нийслэлийн агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулах зорилт дэвшүүлж ажиллах болно гэдгийг Шадар сайд өчигдөр мэдээллээ.
2019-2020 оны өвөл нийслэлийн агаарын бохирдол 50 хувиар буурсан гэж шинжээчид дүгнэж байгаа юм байна.
Шадар сайд Я.Содбаатар өчигдөр “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх талаар” хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны байгууллагуудтай уулзалт хийх үеэрээ Засгийн газраас агаарын бохирдол бууруулах чиглэлд амжилттай ажиллаж байгааг хэлжээ.
Нийгмийн хариуцлагын хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагуудтайгаа хамтарч агаарын бохирдол, шахмал түлштэй холбоотой мэдээллүүдийг нээлттэй болгох санал санаачлагыг Засгийн газраас гаргаж байна. Мөн энэ бүхнийг олон нийтэд сурталчилж, түлшний зөв хэрэглээг сурталчлах чиглэлээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтарч ажиллах талаар санал солилцлоо.
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд:
- 150 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж, орон сууцжуулах, гэр хороололд амины орон сууцны дэд бүтцийг шийдэх
- Сайжруулсан түлшний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, -Налайх дүүрэгт хоёр дахь үйлдвэрийг ашиглалтад оруулах
- Уурын зуухуудыг шинэчилж, усан технологи руу шилжүүлэх, түр дулааны шугамд холбох
- Цахилгаанаар дулаан хангах ажлыг эрчимжүүлж, 21 аймагт хэрэгжүүлэх зэрэг ажлыг төлөвлөснийг Шадар сайд нэмж танилцуулсан гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.