Нийгэм
Солонгост ажилладаг МОНГОЛ ЗАЛУУС эх орон руугаа 10 МЯНГАН МАСК илгээх аян эхлүүлжээ
Коронавирусийн халдвар дэлхий нийтийг цочроож буй энэ цаг дор Солонгост ажиллаж, амьдардаг монгол залуус нэгдэн 10 мянган амны хаалт цуглуулж эх орон руугаа илгээх аян эхлүүлжээ.
Тэднийг Ч.Сүрэнжав, Ира, С.Оюунгэрэл, С.Амгалан, Б.Солонго, Б.Чинбат, Г.Хонгорзул, С.Амгалан гэдэг.
Эмийн сангуудаар амны хаалт ховордоод байгааг хүн бүр мэднэ. Энэ нөхцөл байдал зөвхөн Монгол Улсад л тохиолдсон юм биш. БНСУ-д ч мөн амны хаалт ховордож нэг хүнд олныг худалдаалахгүй байгаа учир манай залуус олуулаа нэгдэн нэг хүний нэр дээр 50-100 амны хаалт захиалж, 10 мянгыг цуглуулах талаар бидэнтэй хуваалцав.
БНСУ-аас 10 мянган амны хаалт Монгол руу авчрах санаачилгыг МИАТ компани дэмжин үнэгүй тээвэрлэн, гаалийн татваргүй оруулахаар болжээ.
“Эхний 3 мянга 700 амны хаалтыг хүлээж авсан ба өнөөдрөөс түгээлт хийнэ” хэмээн С.Амгалан хэлэв. Түүнчлэн “Хүний нутагт хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө монгол хүний эрүүл мэндэд өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулахыг хүсэж байна. Залуусыг үүнд нэгдэж, хамтдаа эрүүл мэндээ хамгаалъя” хэмээн уриалав.
Тэд олон нийтийн төлөө ажилладаг цагдаа, онцгой байдлын албан хаагч болон сэтгүүлчдэд тараахаас гадна захын хорооллын иргэд, ЭХЭМҮТ-д буй ээжүүдэд хүргэх юм байна.
Сайхан сэтгэл, сайн үйлсээр нэгдсэн залуус “Хамтдаа гүйж, алхацгаая” фэйсбүүк группийн гишүүд аж.
Монгол Улсад амны хаалтны ганц үйлдвэр ажилладаг. Тус үйлдвэр нь БНХАУ-аас түүхий эдээ авдаг. Түүхий эд нь Хятадын Хубэй мужид байрладаг учир хөл хорио тогтоосон талаар ЭМЯ-наас мэдээлсэн.
БНХАУ-д коронавирусийн халдвар авсан хүн өнөөдөр буюу баасан гарагийн байдлаар 9692, нас барсан хүний тоо 213 боллоо. БНХАУ-аас гадна дэлхийн 21 улсад 100 орчим тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн ДЭМБ-аас шинэ коронавирусийн халдвартай холбогдуулан олон улсын хэмжээнд онц байдал зарласан юм.