Нийгэм
Ч.Нямдаваа: Самар түүхдээ 30 хувиас битгий хэтрүүлээрэй
Өнгөрсөн оны мөн үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2020 оны 9 дүгээр сарын 1-нийг хүртэл хуш модны самар түүх, худалдан борлуулах, экспортлохыг хориглоод байсан. Харин энэ жилийн тухайд 09 сарын 10-аас ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар бэлтгэж, ашиглаж эхэлнэ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Ойгоос хуш модны самар бэлтгэж ашиглахыг бүсчлэн тогтоох тухай” А/577 тоот тушаалын хэрэгжилтэд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавин ажиллаж байна. Иргэд болон аж ахуйн нэгжүүд самар бэлтгэхдээ юунд анхаарах талаар МХЕГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ч.Нямдаваа зөвлөж байна.
-Энэ жилийн тухайд хуш модны самар бэлтгэх, ашиглах хугацааг 09 сарын 10-наас эхлүүлэх гэж байна. Иргэн, аж ахуйн нэгжүүд самар түүхдээ юуг анхаарах ёстой вэ?
–Тухайн жилийн цаг уур, орчин, ус чийгээс хамаараад байгалийн дагалт баялгийн ургах хугацаа харилцан адилгүй. Энэ жилийн хувьд цаг агаар тааламжтай байсан учраас Ойн судалгаа, хөгжлийн төвөөс самрын болц 9 сарын 10 орчимд гүйцнэ гэж тогтоосон. Иргэд, аж ахуйн нэгжүүд 09 сарын 10-наас дараа оны 03 сарын 10-ны хооронд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хуш модны самрыг бэлтгэж болно. Гэхдээ БОАЖ-ын сайдын гаргасан А/577 буюу “Ойгоос хуш модны самар бэлтгэж, ашиглахыг бүсчлэн тогтоох тухай” тушаалд заасан бүсээс бэлтгэн ашиглана. Үүнд, үйлдвэрлэлийн зориулалтаар ой бүхий 8 аймгийн 25 орчим сумаас, ахуйн зориулалтаар 10 аймгийн 38 сум, Нийслэлийн ногоон бүсээс түүж бэлтгэнэ.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас уг тушаалын хэрэгжилтийг хангах, хяналт тавих ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Үүнээс гадна самар түүх гэж буй хүн нэг бүрд “Тухайн орчныхоо самрын 30 хувиас бүү хэтрүүлэн түүгээрэй” гэж онцгойлон анхааруулмаар байна.
-30 хувиас хэтрүүлэн түүхгүй байх. Яагаад та үүнийг онцлох болов?
-Энгийнээр хэлэхэд хүмүүс байгалийн баялгийг байгальтайгаа хувааж, зүй зохистойгоор хамтарч ашиглах хэрэгтэй. Хүн нийт ургасан самрын 30 орчим хувийг л авч ашиглах ёстой юм. 30 хувийг нь зэрлэг гахай, хэрэм, баавгай, жирх, булга гээд хушны самраар хооллодог ойн амьтдад, 40 хувийг нь байгальд үрийг нь үлдээж нөхөн сэргэх боломжийг нь хангаж өгөх нь чухал шүү дээ.
Хуш мод өөрөө урт хугацаанд ургадаг, орчин нөхцөл их голдог, байгалийн давагдашгүй хүчин зүйлд амархан өртдөг онцлогтой. Байгальд үлдэж байгаа үр нь 40-50 жилийн дараа үр шимээ өгч эхэлдэг. Байгаль өөрөө үрийг нь авч үлдэн нөхөн сэргээх процессоо байгалийнхаа жамаар зохицуулж байдаг.
Хүн бол гуравдугаар хэрэглэгч. Энэ гурвын зохицолдолгооноос байгалийн зүй зохистой ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт ихээхэн хамаардаг. Гэтэл манайхан нэг модны самрыг юу ч үлдээлгүй дуустал нь түүчихдэг. Болц нь гүйцээгүй байхад мунадсаар модыг үхжихэд хүргэдэг. Үүнийгээ л болих хэрэгтэй. Өнгөрсөн жил гэхэд өлдсөн баавгай айл амьтан руу дайрч ямар аюултай зүйл тохиолдлоо. Энэ чинь байгалийн дагалт баялгийн зүй зохистой ашиглалт, харьцаа алдагдсанаас л үүдэж байгаа юм. Байгалийн зүй тогтол алдагдаад ирэхээрээ өөрөө гамшиг болдог. Зөвхөн иргэн та авч ашиглах, хүртэх биш цаана нь олон ан амьтан бас байгаль өөрөө байгаа шүү гэсэн сэтгэлээр хандах хэрэгтэй.
-Иргэн, аж ахуйн нэгж самар бэлтгэхдээ хаанаас зөвшөөрөл авах ёстой вэ?
-Иргэн ахуйн зориулалтаар самар түүхдээ тухайн сум орон нутгийн Ойн анги болон байгаль хамгаалагчаас ойн дагалт баялаг ашиглах эрхийн бичгийг авна. Үйлдвэрлэлийн зориулалтаар самар бэлтгэх бол тусгай зөвшөөрөл бүхий ААН тухайн сум орон нутгийн сум дундын ойн анги болон байгаль хамгаалагчаас эрхийн бичгийг авч, мэргэжлийн хүмүүсээр зөвхөн заагдсан бүсээс түүлгэнэ.
-Төлбөр болон бэлтгэх самрын хэмжээний тухайд…?
-Иргэд ахуйн зориулалтаар 25 кг хүртэл хэмжээтэй самрыг 1 кг тутамд 500 төгрөгөөр тооцон төлбөр төлж тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авсны үндсэн дээр түүх боломжтой. Харин үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэхдээ аж ахуйн нэгжүүд кг тутамд 800 төгрөг төлнө. Аж ахуйн нэгжүүд мэргэжлийн хүмүүсээр бэлтгүүлэх ёстой байтал нутгийн иргэдээр түүлгэн худалдаад авчихдаг тохиолдол их гардаг. Мэргэжлийн бус хүнээр самар түүлгэсний улмаас модноос унах, бэртэх өөрөөр хэлбэл хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа алдагдан осол, түймэр гарах нөхцөл бүрэлддэг.
-Зохих ёсны зөвшөөрөлгүйгээр самар түүсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Зөрчлийн тухай хуульд зааснаар зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг ашигласан бол иргэнд 300 нэгж, аж ахуйн нэгжид 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн арга хэмжээ авна. Мөн хууль бусаар түүсэн самар жимс, түүхэд ашигласан техник тоног төхөөрөмжийг улсын орлого болгох заалттай.
-Гүйцэд боловсроогүй самар хүний биед ямар сөрөг нөлөөтэй вэ. Самар шар өвчин үүсгэдэг гэдэг?
-Түүхий самар давирхай ихтэй байдаг. Бид самрыг гараараа цөмж иддэг шүү дээ. Тэгэхээр давирхайтай самар эрүүл ахуйн талаас нян үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг. Учир нь давирхайн дээр эргэн тойрон дахь тоос, шороо элдэв бохирдол наалдана. Түүнийг бид иддэг гэсэн үг. Үүний улмаас шар болон гэдэсний халдварт өвчнүүд үүсэх аюултай. Тиймээс гүйцэд боловсроогүй самар авч идэхгүй байхыг иргэдэд анхааруулж байна. Мөн хууль бусаар самар түүж, байгаль орчноо сөнөөхгүй байх хэрэгтэй.
Эх сурвалж: МХЕГ