Эрүүл мэнд
Т.Энхзаяа: Томуугийн вакциныг энэ сарын сүүлчээр хийж эхлэхээр төлөвлөж байна
Улирлын томуугийн вакциныг зорилтот бүлгийн хүн амд есдүгээр сарын сүүлээр хийж эхлүүлэхээр төлөвлөөд байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Томуугийн вакцины тухайд жил бүр Засгийн газрын санхүүжилтээр хийдэг бөгөөд энэ жилийн эхний ээлжийн томуугийн вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангаар БНСУ-ын Green Cross компанид үйлдвэрлэсэн гурван цэнт вакциныг захиалжээ.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа “Манай улс аливаа нэг шинэ вакциныг хэрэглэхдээ Дархлаажуулалтын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зэрэг маш олон хууль тогтоомж, дүрмийг сахин хэрэгжүүлдэг. Эрүүл Мэндийн яамны дэргэд Дархлаажуулалтын Үндэсний хороо ажиллаж, дархлаажуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг” гэдгийг хэллээ.
Зорилтот бүлэгт цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүд ордог бөгөөд эцэг эхэд нь урьдчилж мэдээлэл өгсний үндсэн дээр дархлаажуулалтыг хийдэг
Зорилтот бүлгийн хүн амд байнгын болон түр явуулын цэгүүдээр дархлаажуулалт хийх ажлыг зохион байгуулдаг. Зорилтот бүлэгт цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүд ордог бөгөөд эцэг эхэд нь урьдчилж мэдээлэл өгсний үндсэн дээр дархлаажуулалтыг хийдэг. Түүнчлэн өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр зорилтот бүлгийн хүн амд ордог жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдээ дархлаажуулалтад хамруулдаг. Үүнээс гадна тодорхой хувийг сайн дурын дархлаажуулалтаар буюу иргэд төлбөрөө төлөн хийлгэдэг. ХӨСҮТ дээр эдгээр иргэдэд үйлчлэх дархлаажуулалтын нэг нэгж ажилладаг байна.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам “Вакцин нь бага насны хүүхдийн амь насанд эрсдэлтэй, өндөр халдварлалттай халдваруудаас сэргийлдэг сэргийлэлтийн арга. Вакцины үр дүн манай улсад өндөр байдаг бөгөөд бид аюулгүй, чанартай вакциныг хэрэглэж байна. Энэ жилийн хувьд зорилтот бүлгийн хүн амд томуугийн дархлаа тогтоох вакцинаа хийнэ.
Жил бүр томуугийн вирусийн хэв шинж дэхийн бөмбөрцгийн хойд хагаст буюу манай орон багтдаг хүйтэн сэрүүний улиралд хүн амын дунд томуугийн ямар вирус өвчлөл үүсгээд байна вэ гэдгийг лабораторийн тандалтаар судалдаг. Тухайн тандалтын мэдээллийг судалгаа шинжилгээний байгууллага болон ДЭМБ-уудад өгснөөр тухайн жилийн вакцинд аль вирусийн эсрэг биетийг агуулсан вакцин үйлдвэрлэх вэ гэдгээ шийддэг. Энэ жилийн хувьд гурван цэнт вакциныг үйлдвэрлэж байгаа бөгөөд бид H1N1, H3N2, А,B хүрээний хэв шинжийг агуулсан вакцины захиалга хийсэн” гэсэн мэдээллийг өглөө.