Улс төр
У.Хүрэлсүх: Дарханы замыг хоёр жилийн дотор барьж дуусгана
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Эрчим хүчний яаманд ажилласан. Энэ үеэр эрчим хүчний салбарынханд хандаж ирэх жилүүдэд хийж хэрэгжүүлэх ажил болон баримтлах бодлогын талаар танилцуулсан. Ерөнхий сайдын үгнээс онцлох ишлэлийг хүргэж байна.
- Ойрын 8-12 жилийн хугацаанд хөгжлийн дэд бүтцүүдээ тавьж дуусгах ёстой. Нэгд, эрчим хүч бол манай улсын хөгжлийн үндсийн үндэс. Эрчим хүчгүй амьдрал гэж байхгүй. Тиймээс эрчим хүчнийхээ дотоодын хэрэгцээг бүрэн дүүрэн хангах нь бидний нэгдүгээр зорилт.
- Үе үеийн засгийн газрын шүдний өвчин бол нефтийн үнэ байж ирсэн. Энэ зовлонгоос ангижрахын тулд эх орондоо нефтийн үйлдвэр баръя.
- Гангийн үйлдвэртэй болох зорилт тавьж байгаа. Арматурын үйлдвэртэй болбол барилга байгууламжийн үнэ хямдарна. Хямд шатахуун, эрчим хүч, хүнсээр улсаа хангана.
- Дорнод аймгийн Эрээн цаваас Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт хүртэл төмөр зам тавина. Энэ зүүн бүсийн босоо тэнхлэгийн боомт болно. Төмөр зам бол улс орны хөгжил дэвшлийн төмөр судас гэж харж байгаа.
- Энэ жил 21 аймгийн Улаанбаатар хоттой авто замаар холбож дуусна. Цаашлаад төв суурин газрууд руу авто замаа тавина
- Улаанбаатар Дарханы замыг Налайхын зам шиг дөрвөн эгнээ хоёр урсгалтай сайхан зам тавина. Бид үүнийг хоёр жилийн дотор амжуулаад хийчихнэ гэж бодож байна.
- Шинэ нисэх онгоцны буудлыг хүлээж авсан. Жилдээ гурван сая хүн хүлээж авах хүчин чадалтай.
- 8-12 жилийн дараа Монгол Улс хөгжлийнхөө тодорхой төвшинд хүрсэн, эдийн засгийн аюулгүй байдлаа бүрэн хангасан улс болохын төлөө ажиллана. Улс төрийн хийрхэл Монгол Улсыг хөгжүүлэхгүй байгаа.