Нийгэм

Э.Алтанцэцэг: 33-тайдаа эмээ болж, ОХИНТОЙГОО НЭГ ӨДӨР одон зүүлээ

Нийтэлсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга долоо хоног бүр “Алдарт эхийн одон” эхчүүдэд гардуулж байгаа билээ. Одон хүртсэн ээжүүдийн дунд ЭЭЖ, ОХИН ХОЁР нэгэн зэрэг “Эхийн одон” гардсан ховор тохиол болжээ. Алдарт ээж Э.Алтанцэцэг болон түүний охин А.Мөнхцэцэг нарын чин сэтгэлийн яриаг хүргэж байна. 


-Та өөрийгөө танилцуулаач?

Э.А: Намайг Энхсайханы Алтанцэцэг гэдэг. Таван дүүтэй, айлын том хүүхэд. Би өөрөө гурван охин, нэг хүүтэй. Том охиныг маань Алтанцэцэгийн Мөнхцэцэг гэдэг.

-Таван дүүтэй том эгчийн хувьд үүрэг хариуцлага өндөр байсан байх?

-Ээж, аав ажилтай учраас би л дүү нараа харж, асардаг байсан. Сургууль соёлд орж чадалгүй ажил хийгээд л явсан даа. Анхны охиноо эрт гаргасан. Том охиныг минь эмээ, өвөө нь харчихдаг байсан болохоор ажил хийж,гэр бүлээ тэжээдэг байлаа.

-Харин таны хувьд том эгчийн үүргийг хэр их гүйцэтгэв?

А.М: Би хааяа л дүү нараа хардаг байсан.

-Аль сургууль төгссөн бэ, том охиноо хэдэн настайдаа төрүүлсэн бэ?

Э.А: Би Зайсангийн 32 дугаар сургуульд наймдугаар анги төгссөн. Том охиноо төрүүлэхдээ 17 настай байсан.

-Багадаа ямар зан ааштай охин байсан бэ?

А.М: Би их эршүүд хүүхэд байсан. Хөлбөмбөг тоглодог, спортод дуртай. Хааяа ятга дардаг байлаа. Урлаг, спорт гээд аль аль талдаа л сонирхолтой байсан. Хөлбөмбөг тоглож, хичээллэж байхдаа нөхөртэйгөө танилцаж байлаа.

-Хайрын түүхээ эргэн дурсвал?

-Нөхрийн дүү манай ангид шилжиж ирээд, бид нар хамтдаа хөлбөмбөг тоглож байгаад танилцсан. Тэгээд үерхэж эхэлсэн.

-Бие давхар болсноо мэдээд ээждээ яаж хэлсэн бэ?

А.М: Хамгийн анх жирэмсэн гэдгээ мэдээд, нөхрийнхөө эмээд хэлж байсан. Нөхрийнхөө эмээтэй бид хоёр их дотно байдаг байсан. Манай нөхрийн эмээ, өвөө хоёр бас их багадаа найзалж үеэрхээд, насан эцэс болтлоо хамтдаа амьдарсан. Бид хоёр эмээ, өвөө шигээ л байна шүү гээд ярьдаг байлаа. Манай хүн хүүхэд тээж байгааг мэдээд шууд л төрүүлье, гэрийнхэн нь зөвшөөрсөн гэж хэлсэн. Тэр үед нь айх хэрэггүй юм байна гэж бодоод, бие давхар болсноо ээждээ хэлж зориглосон.

-Э.А: Анх надад хэлэлгүй нуугаад, манай дүү нарт хэлчихсэн байсан. Би ер нь жаахан сүүлд нь би мэдсэн. Эхэндээ бол дургүйцэж, “Над шиг болчихлоо, хар нялхаараа хүүхэд гаргах гэлээ” гээд эсэргүүцэж байсан үе бий.

-Залуугаараа ээж, залуухнаараа эмээ болох сайхан л хувь тавилан шүү дээ? Таныг хүмүүс эмээ болсонд итгэхгүй үе гарч байсан уу?

Э.А: Эмээ болох сайхан. Гэхдээ охиноо анх төрөхөд би залуухан, 33 настай байсан. Арай л эрт эмээ болчихлоо доо гэж бодож байсан ч одоо бол жаргалтай, сайхан байдаг.

-Зарим хүн сошиал орчинд шүүмжилсэн өнгө аястай юм бичсэн харагдсан. Тийм зүйлс ээж хүмүүст муухай л санагдана?

А.М: Манай нөхөр намайг их дэмждэг, ойлгодог, маш их халамжтай. Тийм болохоор элдэв зүйлд санаа зовохгүй амьдарч чаддаг.

Э.А: Хүмүүс эхлээд хүүхдээрээ хүүхэд гаргалаа гэдэг л байсан. Аав, ээж минь зөвшөөрөөд, нэгэнт төрсөн хүүхдийг тэгж хэлэх үнэхээр утгагүй зүйл шүү дээ.

-Анхны хүүхдээ тээж байгаа гэдгээ мэдээд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

Э.А: Тухайн үед жирэмсэн болсон гэдгээ ч мэдэхгүй, бараг жирэмсэн болдог ч гэж мэддэггүй жаахан хүүхэд байсан болохоор их л эвгүй байсан даа. (Инээв). Хүүхэд гэдсэн дотор томроод л. Сайхан ч зүйл байсан, таагүй зүйл ч болж байсан.

А.М: Ангийн хүүхдүүд хүүхдийг чинь харъя гээд л ирнэ. Аз болж би сайн найзуудтай болохоор тэднийхээ хүчээр элдэв зүйлд санаа зоволгүй даван туулсан. Хүмүүсийн хандлага ч тийм таагүй байгаагүй.

-“Алдарт эхийн одон”-г охинтойгоо хамт гардах мөчийн мэдрэмжээсээ хуваалцаач?

Э.А: Үгээр хэлэмгүй сайхан шүү дээ. Миний бага чинь одоо дөрвөн настай. Би охиноо дөрөв дэх хүүхдээ тээж байгааг мэдсэн даруйдаа л охинтойгоо хамт одонгоо авна гээд хүлээчихсэн.

-Ээжтэйгээ хамт “Алдарт эх” болох тийм ч нийтлэг тохиолдол биш шүү дээ?

А.М: Гоё юм билээ. Хүмүүс “Ээж ээ” гэж дуудахаар гайхаад байсан. Тэглээ гээд ямар “Эгч ээ” гэлтэй биш. Харин сошиал орчинд сөрөг сэтгэгдэл их байсанд жаахан гомдсон. “Одонтой ээжүүдийн групп” дээр зургаа оруулсан байсан маань олон нийтэд тарж, хүмүүс биднийг доромжилж, янз бүрээр бичсэн байсан. Тэрэнд л жаахан сэтгэл эмзэглэсэн.

Э.А: Зүгээр дээ, ээж ээ. Ихэнх хүмүүс сайхан хүлээж авч байгаа шүү. “Ховор тохиолдол шүү дээ” гээд сайн сайхан үг хайрласан хүмүүс таагүй, муу үг хэлсэн хүмүүсээс хамаагүй олон байгаа. Үр хүүхэдтэй болж, сайхан амьдрах чинь хүний амьдралын утга учир, өндөр хувь тавилан шүү дээ. Тэгэхээр хүүхэд төрүүлснийхээ төлөө айж, ичнэ гэдэг эх хүний хувьд байж боломгүй зүйл гэж бодож байна.

Э.ЛХАМНОРЖИН

Exit mobile version