Дэлхий
Путин Сербийн ерөнхийлөгчөөс уучлал гуйжээ
ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин Серби улсын ерөнхийлөгч Александр Вучичээс уучлал гуйжээ. Учир нь өнгөрсөн долоо хоногт Сербийн ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлалын үеэр түүний Дональд Трамптай уулзалт хийж буй зураг цахим ертөнцөд тархсан. Үүний дараа ОХУ-ын Гадаад харилцааны албан ёсны төлөөлөгч Мария Захарова энэхүү зургийг өөрийн Фейсбук хуудаснаа байршуулж, “Хэрэв таныг Цагаан ордонд урьчихаад таниас мэдүүлэг авч байгаа юм шиг суулгасан бол хоёр дахь зураг дээрх байрлалаар суух хэрэгтэй. Хэн ч байсан ингэх ёстой. Надад итгээрэй” гэж бичсэн нь шуугиан дэгдээсэн юм.
Сербийн ерөнхийлөгч Оросын Гадаад харилцааны албан ёсны төлөөлөгч хүн ийм зүйл бичиж өөрийг нь “Basic Instinct” киноны Шэрон Стоуны дүрийн хэсэгтэй харьцуулсанд ихэд эгдүүцсэн юм.
Үүнтэй холбогдуулан Путин Сербийн төрийн тэргүүн Александр Вучичтэй утсаар ярьж, уучлал хүссэн байна. Энэ талаар Вучич өчигдөр Сербийн нэгэн телевизэд өгсөн ярилцлагадаа дурдсан юм.
Тэрбээр “Ерөнхийлөгч Путин өмнө нь надаас хэзээ ч юуны ч төлөө уучлал гуйж байгаагүй. ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров мөн адил. Гэхдээ тэрхүү үйл явдлаас хойш Путин, Лавров хоёулаа надаас уучлал гуйсан” гэжээ.