Орон нутаг

Шадар сайд Я.Содбаатар Ховд аймагт ажиллаж байна

Нийтэлсэн

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан ажлын баг Ховд аймагт ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр энэ сарын 10-нд “Баруун бүсийн аймгуудын удирдлагын уулзалт, зөвлөгөөн” зохион байгууллаа.

Уулзалтад Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын баг, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, баруун таван аймгийн Засаг дарга болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.

Улсын хэмжээнд зургаан аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй гэсэн урьдчилсан төлөвтэй байгаа тухай холбогдох албаныхан хэллээ.

Үүнд зуншлага тааруу байснаас шалгаалан баруун бүсийн Говь-Алтай аймаг багтаж байна. Харин Ховд аймгийн нийт нутгийн 30 орчим хувьд зуншлага хэвийн, 70 гаруй хувьд дунд гэсэн үнэлгээтэй байгаа юм. Тиймээс болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлд Засгийн газраас долоодугаар сард өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлийг аймгийн Засаг дарга нарт өгсөн аж.

Ажлын багийнхан Засгийн газрын тус тогтоол шийдвэрийг баруун аймгууд хэрхэн хэрэгжүүлж байгаатай газар дээр нь танилцахын зэрэгцээ ирэх өвлийг хэрхэн өнөтэй давах талаар зөвлөлдсөнөөрөө онцлогтой.

Уулзалтын үеэр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар орон нутгийн нөөц боломжийг бүрэн ашиглаж өвс тэжээл бэлтгэн нөөцлөх, мал, мах бэлтгэх, төв суурин газрын эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангах зэрэг хэд хэдэн үүрэг чиглэл өгөв.

Тус ажлын баг өнөөдөр төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгахтай холбогдуулан дулааны станцын үйл ажиллагаатай танилцана.

Exit mobile version