Улаанбаатар
Өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай байна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болж, 2020 оны төсөвт өөрчлөлт оруулах төсвийн төсөл болон төсвийн ерөнхийлөн захирагчийн 2019 оны төсвийн гүйцэтгэл санхүүгийн нэгтгэсэн тайлан, 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал, тулгамдсан асуудал, газрын зөрчил арилгах зэрэг асуудлыг хэлэлцэв.Хуралдаанд Нийслэлийн 2020-2021 өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал, тулгамдаж буй асуудлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Тэрбээр “Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд 1356 ажил төлөвлөж, гүйцэтгэл есдүгээр сарын 09-ний байдлаар 80 хувьтай байна. Энэ зуны засварын хугацаанд 498 хэрэглэгчийн гадна дулааны шугамд нягтын шахалт хийхээр төлөвлөснөөс өнөөдөр 215 хэрэглэгчийн 36 томоохон салаа шугамд шахалт хийж, 100 хувь гүйцэтгэлээ. Нийслэлийн агаарын чанарын бүсэд байрлах төвлөрсөн дулаан, цахилгаанд холбох боломжгүй, 2020-2021 онд шинээр ашиглалтад орох 14 сургууль, цэцэрлэгийн 26 халаалтын зуух, тусгай зөвшөөрөлгүй төсөвт найман байгууллагын 16 халаалтын зуух, БОАЖЯ-наас зарласан 10 сургууль, цэцэрлэгийн 20 халаалтыг хийд шилжүүлэх угсралтын ажил хийж байна” гэв.
Мөн Сэлбэ дэд төвийн 28 МВт/ц хүчин чадалтай дулааны станцын барилга, тоног төхөөрөмжийн угсралтын ажлын явцыг танилцууллаа. Тус станцын барилга угсралтын ажил наймдугаар сарын 16-ны байдлаар 78 хувьтай байна. Дулааны станц ашиглалтад орсноор Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороодын 10 мянга гаруй айл өрх, 100 гаруй аж ахуйн нэгж хэрэглэгчийг хэсэгчилсэн дулааны хангамжийн шугам сүлжээнд холбох боломж бүрдэнэ. Дулаан хангамжийн нэгдсэн эх үүсвэртэй болсноор тухайн орчимд барилга байгууламж, сургууль, цэцэрлэг, орон сууцны барилга байгууламж барих нөхцөл бүрдэх аж.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Агаарын бохирдолтой тэмцэх ажилд энэ дулааны станц чухал нөлөөтэй. Тиймээс холбогдох газрууд хяналтаа нэмэгдүүлж ажилла. Төлөвлөсөн хугацаандаа ажлаа хийхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хууль журмын дагуу хариуцлага тооцох хэрэгтэй”-г анхаарууллаа.