Дэлхий
Ши Жиньпин ДЭМБ-ын захиралтай уулзсан байна
1-р сарын 28-нд Бээжин хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин ДЭМБ-ын захирал Тедрос Гебрейсустай уулзав. Ши Жиньпин: Хятад улс халдварт өвчнийг даван туулж, ялалт байгуулах бүрэн чадвар, итгэлтэй байгаа. Хятад улс халдварт өвчний тухай мэдээллийг гаднынханд нээлттэй, ил тод, хариуцлагатайгаар гаргаж өгч байна. Бид ДЭМБ, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтдаа бүс нутаг, дэлхий дахины олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалахад бэлэн байна гэжээ.
Ши Жиньпин: Хятадын ард иргэд одоо шинэ хэлбэрийн коронавирусийн халдвараар үүсгэгдсэн уушгины хатгалгаатай эрс тэмцэж байна. Ард иргэдийн амь насны аюулгүй байдал, эрүүл мэндийг тэргүүн байранд тавьж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тогтоон барих нь өнөөгийн хамгийн чухал ажил юм. Миний бие Хятадын билгийн тооллын цагаан сарын шинийн нэгэнд ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны хурлыг даргалан хуралдаж, халдварт өвчнийг тогтоон барих, сэргийлэх ажлыг бүх талаар байршуулж, Намын төв хороо халдвартай тэмцэх ажлын удирдах хэсэг байгуулж, нэгдсэн удирдлага, тушаалын дагуу Хятадын аливаа бүс нутгийн халдварт өвчнийг тогтоон барих, сэргийлэх ажлыг ангилан удирддаг боллоо. ХКН-ын хүчтэй удирдлага дор Хятадын онцлогтой социалист тогтолцооны давуу талыг бүрэн дайчилж, өргөн олон ард түмэндээ түшиглэж, итгэл зоригоо дайчилж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр урьдчилан сэргийлж, маш оновчтой бодлого боловсруулж, хамтдаа даван туулах, энэ тэмцэлд ялалт байгуулах бүрэн чадвар, итгэл, нөөц хүч бидэнд бий гэсэн байна.“Хятадын ард түмэн одоо шинэ хэлбэрийн коронавирусийн халдвараар үүсгэгдсэн уушгины хатгалгаатай тэмцэж байна. Үүнийг Хятадын засгийн газар ихэд чухалчилж байгаа. Учир нь засгийн газар ард иргэдийн амь насны аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаас илүү чухалчилдаг. Иймээс энэ удаагийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тогтоон барих ажлыг би биечлэн удирдаж, ажлыг хуваарилсан юм. Бид сэтгэл нэгдэн, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр урьдчилан сэргийлж, маш зөв оновчтой бодлого боловсруулан, хүнд байдлыг хамтдаа даван туулбал лавтай ялалт байгууллага гэдэгт итгэл дүүрэн байна” гэжээ.
Ши Жиньпин: Халдварт өвчин бол чөтгөр, бид түүнийг ялан дийлэх ёстой. Хятадын засгийн газар нээлттэй, ил тод, хариуцлагатай байр сууриар халдварт өвчний тухай мэдээллийг өгч, талуудын анхаарч буй асуултад хариу өгч, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлж байна. ДЭМБ дэлхийн эрүүл мэндийн асуудлыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг тул Хятадын тал ДЭМБ-тай хамтран ажиллахыг ихэд чухалчилдаг. ДЭМБ энэ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тогтоон барих ажилд оролцож байгааг Хятадын тал ихэд сайшааж байна. ДЭМБ-ын мэргэжилтэн Үханьд очиж, нөхцөл байдлыг ойлгож мэдсэн. Хятадын тал ДЭМБ, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтдаа бүс нутаг, дэлхийн олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалахад бэлэн байна. Бид ДЭМБ, олон улсын хамтын нийгэмлэг ухаалаг, шударга, тайвнаар халдварт өвчний байдалд үнэлгээ өгнө гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Тедрос Гебрейсус юуны өмнө Ши Жиньпин дарга, Хятадын ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүлээд: Халдварт өвчин тулж ирсэн үед, Хятадын засгийн газар улс төрийн хатуу шийдвэр гаргаж, нэн даруй хүчтэй арга хэмжээ авсан нь олныг гайхшрууллаа. Ши Жиньпин дарга биечлэн удирдаж, ажлыг зохион байгуулсан нь хүчирхэг удирдагчийн оюун ухааныг харууллаа. Хятадын тал мэдээ мэдээллийг нээлттэй, ил тод өгч, богино хугацаанд вирусийн генийн дарааллыг тогтоон, ДЭМБ, бусад орнуудтай цаг тухайд нь хуваалцсан. Хятадын улсын авсан арга барил дотоодын иргэдээ хамгаалах төдийгүй хүн төрөлтхтний аюулгүй байдлыг хамгаалсанд бид гүнээ талархаж байна гэжээ.
“Тус халдварт өвчин илэрснээс хойш, Хятадын тал богино хугацаанд вирусийн генийн дарааллыг тогтоосон нь дэлхийд рекорд тогтоосон гэж хэлж болно. Мөн энэ ажлын талаар түргэн ахиц дэвшил гаргаж, дэлхийн улс орнуудтай хуваалцлаа. Үүнээс гадна, Хятадын тал олон нийтийн эрүүл мэндийн маш олон арга хэмжээ авсныг бид өндрөөр үнэлж байна. Та биечлэн удирдаж, өвчний халдвартай тэмцэх ажлын удирдах хэсэг байгуулсан зэрэг нь халдварт өвчин тархан дэлгэрэхийг хориглох ажилд маш чухал нөлөөтэй гэж миний бие үзэж байна” гэжээ.
Тэрээр: Хятадын тал өргөн хүрээнд, маш шуурхай арга хэмжээ авсан нь дэлхийд ховор тохиолдол, Хятадын хурд, цар хүрээ, үр дүнг харуулсныг ДЭМБ өндрөөр үнэлж байна. Энэ бол Хятадын тогтолцооны давуу тал бөгөөд энэ туршлагаас бусад орнууд суралцах нь зүйтэй. Хятадын авсан шуурхай арга хэмжээ халдварт өвчнийг даван туулна гэдэгт би итгэлтэй байна. Хятадын халдварт өвчний эсрэг авч буй арга хэмжээг ДЭМБ эрс дэмжиж байна. Бид Хятадын талтай ойлголцол, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, шаардлагатай дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. ДЭМБ шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит байдалд үндэслэн нотолгоо гаргах болно. Дэлхийн нийтийн эрүүл мэндийн үйлсэд гаргасан Хятад улсын хүчин зүтгэлийг ДЭМБ өндрөөр үнэлж Хятадын талтай стратегийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд бэлэн байна гэжээ. Далайнтуяа