Улс төр
Ц.Уранчимэг: Орон нутгийн эмч нарыг харшлын чиглэлээр мэргэжил дээшлүүлэх шаардлагатай
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр Арьс Өвчин Судлалын Үндэсний Төв болон яамныхаа харьяа эмнэлгүүдийн удирдлангатай уулзалт хийлээ. Энэ үед тус төвийн ерөнхий захирал, АУ-ы магистр, Клиникийн процессор Ц.Уранчимэг хөгжлийн хөтөлбөрөө танилцуулав.
АӨСҮТ-ийн захирал Ц.Уранчимэг танилцуулгадаа “АӨСҮТ нь хагас бие даасан байдалд шилжээд үйл ажиллагаагаа явуулж байна. Арьс харшлын өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх, эмчилгээ, оношилгоог нотолгоонд тулгуурлах, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулахад анхаарч ажиллаж байна. Аймаг бүрийн эмнэлэгт 2-10 ортой арьсны бие даасан тасаг байх ёстой боловч дөрвөн аймагт бие даасан тасаг ажиллаж байна. Орон нутгийн эмч нарыг харшлын чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах шаардлагатай.
Үүнийг ажил болгохоор ирэх жилүүдийн төлөвлөгөө, хөтөлбөртөө тусгасан. Түүнчлэн дотоод зохион байгуулалтаа сайжруулж, гүйцэтгэлийн удирдлагын оновчтой тогтолцоог нэвтрүүлэх, санхүүгийн удирдлагыг оновчтой болгох тал дээр анхаарч ажиллах гэсэн төлөвлөгөөтэй байна. Үүний үр дүнд үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, эмч, ажилтны цалинг нэмэх боломж бүрдэнэ” хэмээн онцоллоо.
Хамтарсан уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн хүрээнд харшлын өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цогц байдлаар хэрэгжүүлнэ. Манай улсад харшлын өвчлөл жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд үүний үндсэн шалтгаан болох орчны бохирдол, хоол хүнсний зохистой хэрэглээтэй нь уялдуулан сэргийлэх, харшил төрүүлэгчийг илрүүлэх, оношлох харшил судлалын лабораторийг байгуулах шаардлагатай. 2019 оны байдлаар харшлын өвчлөл улсын хэмжээнд 19195, АӨСҮТ-д 5352 бүртгэгдсэн байна.|Тиймээс харшлын өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг сайжруулах тал дээр үндэсний хэмжээнд, салбар дундын оролцоог хангаж хамтран ажиллах шаардлагатай.
Өнөөдрийн уулзалтаар ЭМЯ-ны мэргэжилтнүүд албаны хүмүүсийн хэлсэн саналыг бодлогодоо тусгах, ЭМЯ-ны зүгээс бодлогын хувьд зангидах, дэмжих ажлуудаа хэлэлцэж гаргана. Өнөөдөр бид нэг эмнэлэг, нэг байгууллагын үйл ажиллагаатай биш, тухайн салбарын хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлттэй танилцаж, салбарын дунд хамтарсан уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа. Болохгүй зүйлээ бид гаргаж ярьж байж, асуудлыг шийднэ” гэлээ.
Эх сурвалж: ЭМЯ