Улс төр

Өвөрлөгч ахан дүүсийн тэмцэл гурван түмэн хониос илүү бидэнд хамаатай

Нийтэлсэн

Тусгаар Монгол Улсын газар нутаг дээр амьдран суугаа гурван сая монголчуудын маань үсэрсэн цус, тасарсан мах болсон өвөр монголчуудын эх хэлээ аварч үлдэх гэсэн тэмцэл дэлхий нийтийн төвд хүний эрхийн асуудал болон орж ирлээ. Өнгөрсөн Пүрэв гариг (2020.09.10)-т жагсаалд оролцсон 20 гаруй хүнийг баривчлан саатуулсан, жагсагчдаас ярилцлага авч байсан Los Angeles Times-ийн сэтгүүлчийг дөрвөн цаг орчим саатуулаад сулласан явдлыг дэлхийн томоохон мэдээллийн сувгууд зэрэг шахам мэдээллээ.

БНХАУ-ын Засгийн газар Өвөр Монголын өөртөө засах орны сургуулиудад хятад хэлийг нэгдүгээр ангиас нь заах шийдвэр гаргасан бөгөөд есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлж байгаа юм. Өмнө нь Өвөр Монголд нэгдүгээр ангидаа монгол хэлээ үзэж, хоёрдугаар ангиас хятад хэл үзэж байсныг ийнхүү өөрчилж, хос хэлний бодлого гэсэн өөрчлөлт хийх болсон нь унаган монгол хэлтнүүдийн хувьд үндэс угсаагаа язгуураар авч үлдэх хүсэлтэй нь зөрчилдөж байгаа юм. Өвөр Монголын өөртөө засах оронд өнөөдрийн байдлаар 24 сая хүн оршин суугаагийн 18 орчим хувь буюу дөрвөн сая гаруй нь монголчууд байна. Хятадын 1.4 тэрбум хүн амын 10 хувийг 55 үндэсний цөөнх бүрдүүлж байгаагийн нэг нь бидэнтэй элэг нэг монголчууд юм.

Шинжаан Уйгурын үндэсний цөөнхийн эрхийг зөрчиж байгааг олон улсын байгууллага шүүмжилсээр байгаа энэ үед Хятадын эрх баригчдын хувьд дахин нэг үндэсний цөөнхийн асуудал босч ирсэн Өвөр монгол ахан дүүсийн эх хэлний асуудал боллоо. Хятадын эрх баригчдын зүгээс үндэсний цөөнхийн эх хэлийг хоёрдугаарт тавьж, хятад хэлийг тэргүүнд тавих шийдвэр гаргасан анхны тохиолдол биш бөгөөд өмнө нь Уйгур, Төвөд, Солонгосын үндэсний цөөнхийн хувьд ч ийм шийдвэр гаргаж байсан.

Алслагдсан бүс нутгийг хөгжүүлэх, эдийн засгийн хувьд сэргээх бодлогын хүрээнд үндэсний цөөнхийн амьдран суугаа газар оронд хятадчилагдах үйл явц сүүлийн 20 гаруй жил хүчтэй өрнөж байна. Амьдралын түвшин дээшилж, орлого нэмэгдсэн эерэг тал байгаа ч төрөлх соёл, уламжлал, хэлээ цэврээр авч үлдэх орон зай хумигдсаар ирсэн нь үндэсний цөөнхүүдийн хувьд илэрхийлэхэд хэцүү сэтгэлийн шаналал болж ирсэн. Хятад хэлийг ус цас мэт сурч байж цаашдаа сайхан амьдрах нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх боломжтой учраас хүссэн хүсээгүй хятад хэлийг тэргүүнд тавьж сурахаас өөр сонголтгүй.

Нэгдүгээр ангиас хятад хэл заах шийдвэр гарсан цагаас энэ шийдвэрийг өвөр монголчууд эсэргүүцсэн бөгөөд дэлхийн бусад улс оронд байгаа монголчууд дэмжиж буйгаа илэрхийлсээр байна. Монгол, Япон, АНУ-д амьдарч байгаа өвөр монголчууд Хятадын ЭСЯ-ны үүдэнд энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн цуглаан хийсэн.

Хятадын эрх баригчдын энэ шийдвэр Монголд тун хамаатай. Яагаад гэвэл босоо монгол бичгийн өвийг өнөөг хүртэл тээж ирсэн цөм нь чухамдаа өвөр монголчууд. Тусгаар Монголын хувьд бид босоо монгол бичгээ кирилл бичгээр халаад бараг дөрвөн үе өнгөрсөн. Кирилл бичгээ халах боломж нөхцөл байхгүй учраас босоо монгол бичгээ сэргээх, албан хэрэгцээнд оруулах шийдвэрийг Монгол Улсын төрөөс гаргасан ч өнөөг болтол энэ шийдвэр хэрэгжих нөхцөл бүрдэж, суурь тавигдаагүй л байна. Бидний соёлын өвийг өнөөг хүртэл тээж ирснийх нь хувьд эх хэлээ хамгаалсан өвөр монголчуудын тэмцэл өрнөснөөс хойш Монголын эрх баригчдын зүгээс байр сууриа илэрхийлэн дуугарсан хүн үгүй байна. Гагцхүү Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өвөр монголчуудын тэмцлийг дэмжиж байгаагаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан хэд хэдэн удаа илэрхийллээ.

Монголын эрх баригчид ийнхүү ам ангайж чадалгүй байж байх хооронд энэ долоо хоногт БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И айлчлахаар боллоо. Ван И-гийн айлчлалын өмнө Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайд энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхээр болсон байна.

Өвөр монголчуудын эх хэл, босоо монгол бичгийн төлөө тэмцэл бол нэг улс үндэсний дотоод хэрэгт оролцсон асуудал биш, дэлхийн түүх соёлын өвийг хамтдаа авч үлдэх, хамгаалах асуудал. Далай ламын айлчлал болгоны дараа эдийн засгийн хариу арга хэмжээнд барьцаалагдчихдаг Монголын эрх баригчид энэ удаад өөрөө өөрсөндөө барьцаалагдан арчаагүйдэв бололтой. Асуудлын мөн чанарыг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн гаргаад илэрхийлэх боломжийг ашиглаж чадсангүй. Монголын төрийн өндөрлөгүүдийн зүгээс энэ тэмцлийг дэмжиж байр сууриа илэрхийлсэн бол энэ нь гурван түмэн хониноос хамаагүй илүү ач холбогдолтой, монголчуудын язгуур эрх ашгийг хамгаалсан үйлдэл болох байлаа.

Exit mobile version