Орон нутаг
Хэрлэн сумын тариаланчид, ногоочдын орлогыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжинэ
“Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төсөл Ховд, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Сэлэнгэ, Төв, Хэнтий зэрэг аймагт 2020-2026 онд хэрэгжинэ.
Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сан болон Монгол Улсын Засгийн газрын нийт 46.2 сая ам.долларын санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам тус төслийг хэрэгжүүлж буй.
Монгол Улсад дэмжлэг үзүүлэх зорилгоор олгогдож буй буцалтгүй тусламж, зээлийн гэрээнд оролцогч талууд өнгөрсөн тавдугаар сард гарын үсэг зурсан бөгөөд Хэнтий аймгийн Хэрлэн сум шалгуур үзүүлэлтэд хүнсний ногооны үйлдвэрлэл, төрийн болон орон нутгийн өмчийн усалгааны системтэй байх, мөн жижиг болон өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зэрэг шалгуурыг хангаж сонгогдсон болохыг аймгийн Засаг дарга Ц.Идэрбат мэдээллээ.
Төслийн хүрээнд нийт 12 услалтын системийг шинэчлэн, сэргээн засч 7000 гаруй га талбайд усалгаатайгаар хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа, тэжээлийн ургамал тариална. Мөн 3500 гаруй өрхөд хүнсний ногооны тариалан эрхлэхэд нь арга зүйн туслалцаа үзүүлнэ. Тухайлбал, хөдөө аж ахуйн зохистой дадлын хүрээнд хүнсний ногоо тариалах, хураах, хураалтын дараах боловсруулалт хийх, усны хэмнэлттэй тоног төхөөрөмж, технологи ашиглах, хүнсний аюулгүй байдлыг хангах, сав баглаа боодол, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээгдэхүүнийг зах зээлд үр ашигтайгаар нийлүүлэхэд нь чиглэсэн чадавх бий болгоход дэмжлэг үзүүлж, мэдээ мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах юм.
Уг төслийн зорилго нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, маркетингийн үр ашгийг дээшлүүлэх замаар өрхийн жижиг хүнсний ногоо эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.