Улс төр

Хятадад хандивлах хонийг дунджаар 95 мянган төгрөгөөр худалдан авч байна

Нийтэлсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хоёрдугаар сард урд хөршид коронавирусийн халдварын тархалт хамгийн өндөр байх үед БНХАУ-д нэг өдрийн айлчлал хийсэн. Айлчлалын үеэр Төрийн тэргүүн хүнд үед хөрш улстайгаа сэтгэл санаа нэг байж, дэмжлэг үзүүлж буйгаа илтгэн 30 мянган хонь хандивлах батламж өгсөн. Энэ ажил ямар шатандаа яваа талаар өчигдөр Шадар сайд Я.Содбаатарыг хэвлэлийнхэнтэй уулзах үеэр тодрууллаа.

Тэрбээр, 2020 оны арваннэгдүгээр сарын 15-нд багтаан өгөхөөр шийдвэрлэсэн бөгөөд ХААХҮЯ болон холбогдох байгууллагууд энэ ажлыг зохион байгуулж байна.

Урд хөршинд хонь хандивлах ажил коронавирусийн халдвартай холбоотой хоёр улсын хорио цээрийн дэглэмээс болж хойшлогдсон. Хонийг малын гаралтай өвчний халдваргүй эрүүл бүсээс авах бөгөөд Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймаг одоогоор 18 мянган хонь аваад байна. Хонь хандивлах ажил нарийн ажиллагаатай явагдаж байна. Вакцинжуулсан эрүүл хонь нийлүүлнэ. Мөн хонины цуснаас шинжилгээ авч, түүнээс хойш тусгаарлах бүсэд 45 хоног тусгаарлана. Үүний дараа урд хөршид хүлээлгэн өгнө. Одоогийн байдлаар бүрдээд буй 18 мянган хониноос 5000-ыг тусгаарлах бүсэд шилжүүлсэн. Нэг хонийг дунджаар 95 мянган төгрөгөөр авч байна.

-Иргэд, ААН-үүд УОК-т олон тооны хонь хандивласан. Тэр хандивын хонийг авч, нийлүүлж болохгүй юу?
-УОК-т иргэд, албан байгууллагууд олон тооны хонь хандивлахаар амласан ч ирээгүй. Мөн хандивлахаас амласан хонь халдварт өвчинтэй бүх нутгийнх бол урд хөршид нийлүүлэх шаардлага хангахгүй байна гэж хариулав.

Exit mobile version