Нийгэм

Шударга л байцгаая…

Нийтэлсэн

Монгол үндэсний бөхөд допингийн аюул нүүрлээд удлаа. Спортод шударга өрсөлдөхийн тулд допингийн эсрэг тэмцлийг дэлхий дахинаараа хийж байна. Түүнийг хэрэглэсэн этгээдийн бие махбодид, сэтгэлзүйд, удмын санд нь эргээд сөрөг нөлөөтэйг тогтоочихжээ. Харамсалтай нь Монгол Улсад маань тийм биш. Зөвхөн үндэсний бөх төдийгүй бодибилдинг, хүндийг өргөлтөөс эхлээд спортын олон төрөлд хамаатай байна.

Аль болох хүчтэй тунгаар допинг хэрэглэж, алдар хүндийг хүртсэн хүмүүст “цаасан малгай” тавьдаг нь хэвээрээ. Шийтгэл, зэмийг нь зөв оноохгүй. Төр засаг, эрх мэдэлтэн нь хөдлөхгүй. Шүүхийн шийдвэр нь мохоо, гэмтнүүдийн толгойг илсэн байдалтай л явна. Ерөөсөө допинг хэрэглэх нь буруу юм, спортод шударгаар өрсөлдөхөд саадтай байна гэдгийг дэлхий нийт хэдийнэ мэдчихсэн.

Анх 1972 оны олимпоор жүдогийн Б.Буядаа агсан зургаан удаа ялж зүүсэн мөнгөн медалиа хураалгаж, 1984 онд цаначин П.Батсүх, 2000 онд чөлөөт бөхийн О.Пүрэвбаатар, 2016 онд хүндийг өргөгч Ө.Чагнаадоржоос допинг илэрч, хүн төрөлхтний их цэнгэл баяраас хөөгдөж явсан удаатай.

Манайхан допингийн хар дансанд хэзээнээсээ орчихсон улс. Анх 1972 оны олимпоор жүдогийн Б.Буядаа агсан зургаан удаа ялж зүүсэн мөнгөн медалиа хураалгаж, 1984 онд цаначин П.Батсүх, 2000 онд чөлөөт бөхийн О.Пүрэвбаатар, 2016 онд хүндийг өргөгч Ө.Чагнаадоржоос допинг илэрч, хүн төрөлхтний их цэнгэл баяраас хөөгдөж явсан удаатай. Хамгийн нэр хүндтэй томоохон наадамд илэрсэн нь энэ. Үүнээс өөр тэмцээний үеэрх чих халууцуулсан мэдээ бүр их. Тэрийг тоочиж барахгүй. Допинг хэрэглээд бүх насаараа, эсвэл 1-4 жилээр тэмцээнд оролцох эрхгүй болчихсон Монгол Улсын гавъяатууд хэд хэд бий. Тэднийг нэрлэж дуусахгүй. Үндэсний бөхийн тийм аваргууд ч байх.

Сүүлийн 20 шахуу жилд Үндэсний их баяр наадмаар шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шалгалт авдаг болсноор бүр ч хавтгайрлаа. Одоо л энэ завхралыг шийдэхгүй бол үүнээс цааш гэж үгүй болов уу.

Манайхан сорьцыг Сөүлийн лабораторид олон жил шинжлүүлж иржээ. Тус лабораторид Монголоос жилдээ 100 хүртэл тооны сорьц үнэгүй шинжлүүлэх давуу эрхтэй юм байх. Уг нь чамгүй хөнгөлөлт. Харин төр засгаас Үндэсний баяр наадмын төсөвт өртгийг нь суулгаад явдаг гэнэ лээ. Өөр орны лабораторид хийлгэдэггүй нь хэний ч эрх ашиг юм, бүү мэд. Хардахаар биш гэж үү. Уул нь шинжилгээний хариу хоногийн дараа л гардаг. Гэтэл тэмээн жингээр дунших мэт, эсвэл яст мэлхийн хурдаар явж ирдгийг XXI зууныхан яахаараа тоодоггүй юм бол? Наадмаас хойш хоёр сар өнгөрч байж шинжилгээний хариу ирдэг нь хаанахын ч заншил юм? Эндээс бас хардлага үргэлжилнэ.

Монголын допингийн тогтолцоонд салхи оруулах цаг нэгэнт болсон. Хариуцсан байгууллага нь ч гавьдаггүй, бөхчүүд нь ч тоолгүй өнөөг хүргэжээ. Шинэчлэхдээ шүд сугалаад хэрэггүй ээ. Үндсээр нь зангарагтайхан өөрчилмөөр байна. Найдвартай гарт эрхийг нь шилжүүлэхгүй бол цус ойртсон, муу муухайд гаршсан багийнхан бүр дэндлээ.

Илүү хүчтэй эмээ нуух гээд саармагжуулагч бодис араас нь хусчихдаг ч тал бий.

Хүний өмнөөс ичих ч лүд юм. Дөрөв дахин өндөр тунгаар “туучхаад” л шүүхдээд, өөрийгөө өмөөрөөд явна. Илүү хүчтэй эмээ нуух гээд саармагжуулагч бодис араас нь хусчихдаг ч тал бий. Өнөө цагт юмыг нууна дарна гэдэг явцгүй болжээ. Хулгайч хүн хэзээ ч өөрөө би хулгайлсан гэдэггүй л дээ. Нүгэл нь нүдээрээ гарах л учиртай.

Улсын аварга Н.Батсуурь өчигдөр бөхчүүд дундаас анх удаа буруугаа хүлээсэн хүн нь болж, уучлал эрэв. Нэг талаасаа зөв хандлага гэж харагдах. Гэвч спортын талбарт допинг хэрэглэхийг хэзээ ч зөвтгөж боломгүй. Шударга л байцгаая…

Exit mobile version