Улаанбаатар
Ж.Батбаясгалан: Дулаан түгээх нэр дор дунд нь бизнес хийдэг байдлаа зогсоо
Нийслэлийн Онцгой комиссын хуралдаан өчигдөр боллоо. Хуралдааны эхэнд Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. Мөн хуралдаанаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан толгойн зүүн хэсгийн 17 хотхоны 1700 гаруй айл өрхийн дулаан хангамжийн асуудал болон Сэлбэ дэд төвийн 28мВт дулааны станцын ажлын явцын талаар хэлэлцсэн юм.
ДУЛААН ТҮГЭЭХ ЧИНЬ ӨӨРӨӨ ХУУЛЬТАЙ
Олон түмэнд дулаан түгээнэ гэж авчхаад дунд нь бизнес хийдэг байдлаа зогсоох хэрэгтэй. Шаардлагатай бол хуулийн байгууллагад хандах нь зөв. Ард иргэдийн гудамж талбайгаар олон түмэнд дулаан түгээнэ гэж шугам татчихаад дулаанаа түгээхгүй гэж байгаа аж ахуйн нэгж байвал Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Захирагчийн ажлын алба энд хатуу хариуцлага тооцож ажилла. Өнөөдрөөс эхлэн айл өрхүүдийг дулаанаар хангах ажил эхэлж байна. Дулаан түгээлттэй холбоотой гарч буй хүндрэл бэрхшээл юу байгаа талаар холбогдох мэргэжлийн байгууллагууд олон нийтэд нээлттэй мэдээлж ажиллах хэрэгтэй” гэв.
Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд явагдсан “Яндангаа хөөлье” сарын аяныг аравдугаар сарын 15-ныг хүртэл дахин нэг сарын хугацаанд сунгаж, гэр хорооллын айл өрхүүдэд зуух, яндан, пийшингийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж, мэдээллийг хүргэж, ажлаа эрчимжүүлж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.
ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ САХИУЛЖ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛАХЫГ АНХААРУУЛЛАА
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн А/930 дугаар захирамжаар олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, арга хэмжээ, диско болон бүжгийн баарны үйл ажиллагааг түр хязгаарласан шийдвэр хэрэгжиж байна. Өчигдөр буюу 2020 оны есдүгээр сарын 14-ний өдөр Улсын онцгой комисс, Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 10 дугаар сарын 31-ийг дуустал сунгаж, хилээ нээхгүйгээр дотоод үйл ажиллагааг хэвийн байдалд шилжүүлэхээр шийдвэрлэсэн тул Нийслэлийн Засаг даргын А/930 дугаар захирамжаар түр хязгаарласан диско болон бүжгийн баар, олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, арга хэмжээ зохион байгуулахыг нээх саналыг танилцуулж байна” гэлээ.
Хуралдааны төгсгөлд Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Мэргэжлийн бүх байгууллагууд захирамжид заасан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх чиглэлд бэлтгэлээ хангаж ажилла. Гэхдээ өндөржүүлсэн бэлэн байдлын горимоо дагаж мөрдөх шаардлагатай гэдгийг аж ахуйн нэгж байгууллагуудад онцгойлон анхааруулах шаардлагатай. Халдвар хамгааллын дэглэмийг сахиж, үйл ажиллагаа явуулна. Холбогдох мэргэжлийн байгууллагууд энд хяналтаа тавьж ажиллана” хэмээсэн юм.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс