Дэлхий

Oracle компани TikTok-ийн хувийг худалдаж авахад ойрхон болсныг Дональд Трамп мэдээлжээ

Нийтэлсэн

Өнөөдөр дэлхий дахинд хэрэглээ нь хамгийн хурдтай нэмэгдэж байгаа сошиал платформ бол Хятадын ByteDance компанийн TikTok билээ.

Гэвч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус компанийг Хятадын тагнуулын албанд хэрэглэгчийн мэдээллээ дамжуулдаг гэж буруутгаад үндсэний аюулгүй байдлыг хангах үүднээс үйл ажиллагааг нь нутаг дэвсгэртээ хориглохоор сүрдүүлээд байгаа.

Гэхдээ үйл ажиллагаагаа Америкийн компанид зарвал хориглохгүй гэсэн нөхцөл тавьж, хэлэлцээ хийх 45 хоногийн хугацаа өгсөн юм.

Өнгөрсөн сараас эхлэн Microsoft, Walmart, Oracle зэрэг компаниуд TikTok-ийн АНУ дахь үйл ажиллагааг худалдаж авахаар яриа хэлэлцээ эхэлсэн тухай мэдээ цацагдаж байгаа.

Саяхан Microsoft, Walmart-ын консерциумын саналыг ByteDance хүлээж авахаас татгалзжээ.

Харин Oracle компани ByteDance-ийн технологийн түншээр шалгарсан гэх мэдээлэл тараад байна.

Өчигдөр Дональд Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа Oracle компани “гэрээ байгуулахад ойрхон” болсныг мэдээлжээ. Трампыг Oracle-ийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Ларри Эллисоны фэн, ойр дотно харилцаатай гэлцдэг.

Албаны эх сурвалжуудын мэдээлснээр ByteDance компани Америкийн зах зээлээс гарахгүй, гол хувь эзэмшигч хэвээр үлдэх бөгөөд зөвхөн хэрэглэгчийн мэдээллээ хадгалах, удирдан зохицуулах үүргийг Oracle компанид хариуцуулах санал яригдаж байгаа гэнэ.

Үүнийхээ төлөө Oracle компанид бага хэмжээний хувиа эзэмшүүлэх ажээ.

Хэрвээ Дональд Трамп энэ саналыг зөвшөөрвөл TikTok үйлчилгээ АНУ-ын зах зээлд хэвийн үргэлжлэх юм. АНУ-ын зах зээлд TikTok-ийн 100 сая гаруй идэвхтэй хэрэглэгч бий гэсэн сүүлийн үеийн мэдээлэл байна.

Эх сурвалж: Reuters

Exit mobile version