Улс төр
Ж.Эрдэнэбатын зургаан жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ
Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо. Шүүх хуралд шүүгдэгч Ж.Эрдэнэбат нар ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангиас цахимаар оролцлоо.
Тэгвэл шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Шүүгдэгч Ж.Эрдэнэбатад оноосон зургаан жилийн ялыг хэвээр үлдээж, шийдвэрлэлээ.
Хэргийг сануулахад, шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-ийн 22.1-3 (Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл ху гацаагаар хорих ял шийтгэнэ)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.