Нийгэм
БОАЖЯ: Иргэдийн усны талаарх хандлагыг өөрчлөх, соён гэгээрүүлэхэд хамтран ажиллахад бэлэн
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Монголын Мянганы сорилтын сангийн захирал Э.Содонтогос болон удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы Сорилтын Корпорац 2018 онд эдийн засгийн өсөлтийг дэмжин, ядуурлыг бууруулах зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн компакт гэрээнд гарын үсэг зурсан.
Уулзалтаар Э.Содонтогос захирал энэ гэрээ, төслийн талаар сайдад танилцуулж, төслийн хэрэгжилтэд БОАЖЯ үүрэг оролцоо ямар байх талаар санал солилцлоо. Түүнчлэн, Э.Содонтогос “АНУ-ын Засгийн газартай байгуулсан компакт гэрээнд тусгасан үүрэг, амлалтыг хэрэгжүүлэхэд байгаль орчны салбарт хамаарах чиглэл, бодлогод Сайд таныг илүү анхаарал хандуулж, дэмжинэ гэж итгэж байна.
Дөрвөн 4 сая ам.долларын үнэ бүхий лабораторийн дэвшилтэт технологийг Усны газарт гардуулахаар болсон. Үүнийг хаана байгуулах, ямар техник технологийн хэрэгцээ байгааг бидэнд уламжлахыг хүсэж байна” гэв.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Бид Засгийн газрын хүлээсэн үүрэг, амлалтаас салбартаа хамаарах асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдэн, хамтран ажиллана. Гэрээнд тусгасан бас нэг чухал зүйл болох иргэдийн усны талаарх хандлагыг өөрчлөх, соён гэгээрүүлэхэд хамтран ажиллахад БОАЖЯ бэлэн.
Ялангуяа усны зөв хэрэглээ, усаа хайрлаж, хамгаалах, усны хомсдолоос сэргийлэх ажлыг хамтран хийснээр үр дүнд хүрнэ. Мөн лабораторийн талаар ойрын хугацаанд холбогдох мэргэжилтнүүдтэй хэлэлцэж шийдвэрт хүрээд, эргэн мэдээлнэ” гэсэн юм.