Засгийн газар

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа

Нийтэлсэн

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ““Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр (2020.01.31) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалын төслийг боловсруулахад идэвх, зүтгэлтэй оролцсон Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний хөгжлийн газар болон эрдэмтэн, судлаачдад талархал илэрхийлэв.

Тэрбээр, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн гол зорилго нь хөгжлийн бодлого, төлөвлөлт, гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн. Энэ ч үүднээс “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэсэн заалт орсон. Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн хөгжлийн бодлогод тулгуурлаж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдан, хэрэгжиж байх хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Үүний дагуу өнөөдөр Монгол Улсын Их Хурлаас 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталлаа. Энэ төлөвлөгөөнд “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах асуудал тусгагдсан. Хаврын ээлжит чуулганаар уг асуудлыг хэлэлцэн баталснаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт “амь” орж, бодитой, үр дүнтэй хэрэгжинэ. Ард түмний аж амьдрал, улс орны хөгжил дэвшил тууштай, нэг чигт тогтвортой хөгжих бололцоо бүрдэнэ. Гадаад дотоодын олон эрдэмтэн, судлаачдын дүгнэлтээр манай улсын ядуурал, хөгжлийн доройтол зэрэг олон асуудал бодлогын тогтворгүй байдлаас үүдэлтэйг харуулж байна. Үүнийг шийдэх томоохон гарц шийдлийг боловсруулсан нийт Ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлье. Төслийг УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн батална. Ингэхдээ ард иргэд, олон нийтийн оролцоог хангасан нээлттэй сонсгол,  хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, хэлэлцэн батлах болно” хэмээн мэдэгдлээ.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго бүр Монгол хүний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн “Монгол Улс 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орон болох” Алсын хараанд төвлөрсөн 9 зорилгыг тодорхойлжээ. Үүнд,

  1. Үндэсний нэгдмэл үнэт зүйл – “Үндэсний нэгдмэл үнэт зүйлийн гүн ухамсар дархлаатай улс үндэстэн болно”,
  2. Хүний хөгжил – “Монгол Улсын хүний хөгжлийн индексийг 0.9-д хүргэж, аз жаргалын индексээр дэлхийн эхний 10 орны тоонд багтана”,
  3. Амьдралын чанар ба дундаж давхарга – “Сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхаргыг 2050 он гэхэд нийт хүн амын 80 хувьд хүргэнэ”,
  4. Эдийн засаг – “ДНБ-ий 6.1 дахин нэмэгдэж, нэг хүнд ногдох ДНБ 3.6 дахин өсөж, 15.000ам.долларт хүрч, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын босгыг давна”,
  5. Сайн засаглал – “Тогтвортой засаглал тогтож, хүний эрхийг бүрэн хангасан, шударга ёсны тогтолцоо төлөвшсөн, авлигагүй улс болно”,
  6. Ногоон хөгжил – “Ногоон хөгжлийг эрхэмлэн байгаль орчны тогтвортой байдлыг хангана”,
  7. Амар тайван, аюулгүй нийгэм – “Үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах гадаад дотоод таатай орчин бүрдэнэ”,
  8. Бүсчилсэн хөгжил – “Бүс нутгийн эдийн засгийн интеграцад нэгдсэн, хүн амын нутагшилт, суурьшлын тогтвортой тогтолцоотой, өрсөлдөх чадвартай улс доторх бүсүүдийг хөгжүүлнэ”,
  9. Улаанбаатар ба дагуул хот – “Амьдрах таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй хот болгон хөгжүүлнэ”

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого нь дээрх 9 суурь зорилго, хөгжлийн 50 зорилттой бөгөөд 10 жилээр буюу 2020-2030 он, 2031-2040 он, 2041-2050 он гэсэн 3 үе шаттайгаар зорилт тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийг төлөвлөжээ.

Монгол Улс хүний хөгжлийн үзүүлэлтээр дэлхийн 177 орноос 92, эдийн засгийн өрсөлдөх чадварын индексээр дэлхийн 140 орноос 99, бизнесийн орчны индексээр дэлхийн 190 орноос 74, авлигын индексээр 93 дугаар байрыг тус тус эзэлж байна. Монгол Улс хөгжлийн олон үзүүлэлтээр бүс нутгийн улс орнууд, дэлхийн дунджаас доогуур байдалтай байсаар байна.

Иймд Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 52 дугаар захирамж гарган Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн хөгжлийн үе шатуудад дүгнэлт хийх, 2050 он хүртэлх урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалсан бөгөөд гишүүдээр нь салбар салбарын эрдэмтэн, судлаачид, яам, агентлагийн удирдлагууд, их, дээд сургууль, төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг нийт 1500 орчим хүн ажилласан байна.

Монгол Улс 1992 оноос хойш хөгжлийн урт болон дунд, богино  хугацааны 517 төсөл, хөтөлбөр, бодлогын баримт бичгийг боловсруулан мөрдөж ажилласан ч хэрэгжилт нь хангалтгүй, хоорондын уялдаа нь тааруу байсан. Ажлын хэсгийнхэн салбар бүрт хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн алдаа, оноог дүгнэж, дараагийн 30 жилийн төлөвлөлтийг олон улсын чиг хандлагатай уялдуулан 7 сарын туршид боловсруулсан талаараа Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Exit mobile version