Дэлхий

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг халуун дотноор үджээ

Нийтэлсэн

Японы ерөнхий сайд Шинзо Абэ эрүүл мэндийн шалтгааны улмаас 2012 оноос хойш хашсан ерөнхий сайдын ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгсөн билээ. Өчигдөр Японы Засгийн газрын гишүүд болон төрийн дээд албан тушаалтнууд Шинзо Абэг үдэн өгөх ёслол зохион байгуулжээ.

Түүний бүрэн эрхийн хугацаа 2021 оны есдүгээр сард дуусах байсан ч ужиг өвчин нь хүндэрснийг эмч нь хэлж, тийнхүү шийдвэрээ гаргасан гэдгээ Абэ хэлсэн юм. Тэрбээр найман жилийн турш Японы Засгийн газрыг нэр төртэйгөөр тэргүүлсэн. Абэ Японы Засгийн газрын тэргүүнээр ажилласан сүүлийн өдөр буюу өчигдөр Засгийн газрын танхимаас хүндэтгэл үзүүлэн цэцэг өгч, алга ташилтаар үдэн өгчээ.

Тэрээр 1954 оны есдүгээр сарын 21-нд Ямагүчи аймгийн Нагато хотод төржээ. Сэйкэй их сургуулийн Хууль зүйн факультет, Улс төр судлалын тэнхимийг 1977 онд төгссөн.

Их сургууль төгссөнийхөө дараа “Кообэ Сэймоо” компанид орсон бөгөөд дараа нь Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга байгаад, улс төрд орон парламентын гишүүнээр сонгогдсон. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга, орлогч, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын алба хашиж байгаад Ерөнхий сайд болсон.

Ерөнхий сайд болоод жил орчим ажиллахдаа тэргүүлсэн танхимын нь гишүүд нь мөнгө төгрөгний асуудалтай хутгалдсан, хариуцлагагүй мэдэгдэл хийсэн зэргээсээ болж огцорч, сөрөг хүчний зүгээс сайд нарыг томилсон хүнийхээ хувьд хариуцлага хүлээх ёстой хэмээн шүүмжлүүлж байсан. Либерал Ардчилсан Нам удаан хугацаанд засгийн эрхийг барьснаас болоод Тэтгэвэрийн сангийн хөрөнгө буруу гараар орсон нь түүнийг засаг тэргүүлж байх үед илэрсэн нь нэрмээс болж, 2007 оны зун явагдсан парламентийн дээд танхимын сонгуульд ялагдал хүлээн, анх удаа цөөнх болов. Хэдийгээр доод танхимд Либерал Ардчилсан Нам үнэмлэхүй олонх хэдий ч иймэрхүү томоохон ялагдал хүлээсэн үед намын дарга хариуцлага хүлээж, албан тушаалаа өгдөг жишгийг тэр дагасангүй, ард түмэндээ амласан амлалтаа хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдэж байв.

Гэвч 2007 оны есдүгээр сарын 12-нд Либерал Ардчилсан Нам дарга болон ерөнхий сайдын суудлаа тавьж өгөхөө мэдэгдсэн нь гэнэтийн явдал байлаа. Хэдхэн хоногийн өмнө парламентын чуулганы нээлтэд оролцож, илтгэл тавьж байсан хүн гэнэт огцрохоо мэдэгдсэн явдлыг цагаа олоогүй, хариуцлагагүй явдал гэх үзэл Японы улс төрд олон сонсогдож байлаа. Гэхдээ тэрээр эрүүл мэндийн байдлын улмаас тэрхүү шийдвэрээ гаргасан нь хожим тодорхой болж, ажлаа хүлээлгэж өгмөгцөө биеэ эмчлүүлэхээр эмнэлэгт хэвтсэн байна.

Өвчнөө эмчлүүлж эдгээсэн Абэ 2012 оны есдүгээр сард болсон Либерал Ардчилсан Намын даргын сонгуульд ялж, улмаар мөн оны арванхоёрдугаар сард болсон ээлжит бус бүх нийтийн сонгуулиар тус нам ялснаар мөн сарын 26-нд дахин Ерөнхий сайдын албан тушаалд очсон.

Төрөл саднуудын нь дунд алдартай улстөрчид олон бий. Эхийн талын өвөө нь Ерөнхий сайд агсан Киши Шинсүкэ, эцгийн нь авга ах, ерөнхий сайд агсан Сато Эйсакү, эцэг нь Гадаад хэргийн сайд агсан Абэ Шинтаро, дүү нь парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Киши Нобүо зэрэг болно. Эхнэр Акиэ нь Моринага корпорацийн захирал асан Мацүзаки Акиогийн охин.

Exit mobile version