Улс төр
Сайд Л.Халтар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөгчидтэй уулзжээ
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Төв Ази, ОХУ, Монголыг хариуцсан захирал Андре Күүсвик, Монгол дахь Суурин төлөөлөгч Ханнес Такаш болон бусад төлөөлөгчидтэй цахим уулзалт хийжээ.
Талууд уулзалтаар Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр Монгол Улсад хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн явц байдал, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцсон байна.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зүгээс төслийг эхлүүлэхэд шаардлагатай шат дамжлагуудыг гүйцэтгэхтэй холбоотой яамны талаас болон банкны зүгээс хийж байгаа болон авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийн талаар сайдад дэлгэрэнгүй танилцуулж төслийг хамгийн ойрын хугацаанд эхлүүлэх талаар анхаарч хамтран ажиллахаа илэрхийлэв.
Мөн талууд цаашид Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж болохуйц төмөр зам болон авто замын төслүүдийн талаар ярилцав.