Улаанбаатар

Гацаанд орсон бүтээн байгуулалтууд

Нийтэлсэн

Энэ онд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн бүтээн байгуулалтын ажлууд гацаанд ороод байна. Шалтгааныг нь албаныхан цар тахалтай холбон тайлбарлаж буй. Тухайлбал, Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил хил хаасны улмаас хятад ажилчид цаг хугацаандаа орж ирэх боломжгүй болж, хойшлогдсоноос зам барих ажил саатсан. Мөн түгжрэлийг бууруулах дүүжин тээврийг энэ онд хэрэгжүүлнэ гэж эрх баригчид амлаж байсан ч хил хаасан гэх шалтгаанаар мартагджээ. Энэ мэтчилэн бодит амьдрал дээр хэрэгжилгүй, цаасан дээр царцаж үлдсэн төслүүдийг танилцуулъя.

ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЦАРЦАВ

Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барихаар болж, хоёр жилийн өмнө холбогдох гэрээнд талууд гарын үсэг зурсан. Бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн хавраас эхлүүлэх байсан ч коронавирусийн дэгдэлтийн улмаас үндсэн гүйцэтгэгч компани Хятадаас ирж чадахгүй, ажил хойшлогдоод буй. Өнгөрсөн жил биологи цэвэрлэгээний байгууламжийн суурийн ажлыг хийсэн. Энэ нь цэвэрлэх байгууламжийн хамгийн том байгууламж бөгөөд энэхүү ажил гүйцэтгэгч компани ирж чадахгүй байгаагаас түр зогсчээ. Хэрэв урд хөршөөс гүйцэтгэгч компанийн мэргэжлийн инженер техникийн ажилчдыг авчирвал Монголын туслан гүйцэтгэгч компаниудтай хамтраад хугацаандаа дуусгах бүрэн боломжтой гэдгийг Барилга хот байгуулалтын яамнаас мэдэгдэж байв.

ЦААСАН ДЭЭР СҮНДЭРЛЭСЭН ДҮҮЖИН ТЭЭВЭР ТӨСӨЛ

Авто замын түгжрэлийг бууруулж, нийтийн тээвэрт шинэчлэл хийхдээ нийслэлийн удирдлагууд хэд хэдэн төслүүдийг олон нийтэд танилцуулсан. Гэсэн ч бүтээн байгуулалтын ажил нь товлосон цагтаа эхлэхгүй байсаар энэ намартай золгож байна. Түгжрэлийг бууруулахаар нийслэлийн нийтийн тээврийг шинэчлэх хүрээнд цахилгаан соронзон галт тэрэг, дүүжин тээвэр зэрэг төслийг хэрэгжүүлэх талаар анх мэдээлэхэд олон нийт “Энэ бол биелэгдэшгүй мөрөөдөл” гэж хүлээн авч байв. Агаарын дүүжин тээврийн ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сард эхлүүлж, зургадугаар сард эхний маршрутыг бэлэн болгоно гэж холбогдох албаныхан амлаж байсан нь саяхан. Гэвч энэхүү төсөл цар тахлын улмаас хил хааснаас үүдэн гацжээ. Хэрэв хил нээгдвэл инженер техникийн ажилчид нь гадаадаас ирэх гэнэ.

ТЭНГЭРИЙН ТОЙРОГ ҮЛГЭР БОЛОВ

Засгийн газрын 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн ээлжит хуралдаанаар Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бас нэг төслийг танилцуулсан нь “Тэнгэрийн тойрог” нэртэй. Авто замын дээгүүр гүүрэн буюу давхар зам барих энэ төслийг 2017-2021 онд хэрэгжүүлнэ гэж тооцоолсон ч одоог хүртэл бүтээн байгуулалтын ажил нь эхлээгүй, уг төсөл цаасан дээр л сүндэрлээд байна.

ДАРХАНЫ ЗАМЫН ШИНЭЧЛЭЛТ ЦАР ТАХЛЫН УЛМААС ЗОГСЧЭЭ

Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замыг шинэчлэх ажлыг Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн 83 сая ам.долларын хөрөнгөөр өнгөрсөн жилийн зургадугаар сарын 21-нд эхлүүлсэн. Гэрээнд зааснаар шинэчилсэн автозамыг өнгөрсөн зургадугаар сард хүлээлгэж өгөх байлаа. Гэвч хил хаасны улмаас БНХАУ-ын ажилчид гацаанд орсноор бүтээн байгуулалтын ажил ч тэг зогсолт хийсэн юм. Харин саяхнаас л БНХАУ-аас ажилчид ирсэнтэй холбоотойгоор автозамын шинэчлэлтийн ажил “амь орно” гэдгийг албаны хүмүүс тайлбарлаад байгаа юм.

Exit mobile version