Нийгэм
Эрдэнэтээс ажил хийхээр Улаанбаатарт ирсэн гурван охиныг хүчээр биеийг нь үнэлүүлж байжээ
Садар самуун, бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй бүлэг этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн баривчилжээ.
Энэ талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.Чинбат мэдээлэл өглөө.
Тэрбээр “Биеэ үнэлэх, садар самууныг сурталчлах нь манай улсад хуулиараа хориотой. Энэ төрлийн хэрэг нь нэг хэсэг гудамж, талбайд их үйлдэгддэг байсан бол одоо саун, массажны газарт үйлдэгдэж байна. Мөн цахим сүлжээ ашиглан биеэ үнэлэх байдал ихээхэн газар авсан. Ингээд ЭЦГ-аас өнгөрсөн хугацаанд нийтдээ 18 бүлгийн 29 холбогдогчтой, 76 хохирогчтой, 23 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна.
76 хохирогчийн 22 нь насанд хүрээгүй хүүхэд байна. Жишээ нь, Эрдэнэтэд хотоос гурван хүүхэд ажил хийхээр Улаанбаатар хотод ирсэн байна. Гэтэл Х гэгч этгээд эцэг эхийн хараа хяналт сул байдлыг нь далимдуулан нэг газар аваачин хүчээр биеийг нь үнэлүүлж, бэлгийн мөлжлөг явуулж байсан хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна. Мөн Б гэгч этгээд нь удаа дараа насанд хүрээгүй охидыг цахим хаягаар нь олзлон авч, мөн хүчээр биеийг нь үнэлүүлж байсныг ЭЦГ-аас илрүүлээд прокурорын хяналтад шилжүүлээд байгаа. Цахим орчинд садар самуун сурталчилсан бичлэг тавих, мөн охид бүсгүйчүүд өөрсдийн санамсар болгоомжгүйгээс ямар зураг бичлэгээ алдсанаар гэмт этгээдүүд бусдад үзүүлнэ, ар гэрт нь үзүүлнэ гэх мэтээр дарамтлан аргандаа оруулах гэмт хэргүүд илэрсэн.
Садар самууныг сурталчилсан 28 пэйж хуудсыг хаалгах саналаа Харилцаа холбооны зохицуулах газарт хүргүүлээд байна. Мөн 42 дэн буудлыг хаалгах саналаа МХЕГ-т хүргүүлсэн. Эцэг эхчүүд бага насныхаа хүүхдүүдийн цахим хэрэглээнд анхаарал тавихыг анхааруулж байна” гэв.
Б.Аз