Энтертайнмент
Домогт тамирчин Сергей Бубкагийн тогтоосон рекорд 26 жилийн дараа эвдэгдлээ
Хөнгөн атлетикийн элит тамирчдын цуврал тэмцээн болох – Алмаазан лиг (Diamond League) -ийн ээлжит тэмцээн Италийн Ромд явагдлаа.
Тус тэмцээний гадна талбайн тулгууртай харайлт (Pole Vault) эрэгтэйчүүдийн төрөлд Шведийн тамирчин Арманд Дьюплантис 6 метр 15 см өндрийг хоёр дахь оролдлогоороо амжилттай гүйцэтгэж хуучнаар ЗХУ (Украйн) -ын тамирчин Сергей Бубкагийн 1994 оны 7-р сард Италид тогтоож байсан 6 метр 14 см рекордыг ахиулж чадлаа. Олимпийн 1, дэлхийн 6 удаагийн аварга, дэлхийн рекордыг 35 удаа шинэчлэн тогтоож байсан домогт тамирчны тогтоосон дээд амжилт ийнхүү 26 жилийн дараа эвдэгдэж байна.
20 настай Швед залуу энэ оны хоёрдугаар сард 6 метр 17 см болон 6 метр 18 см өндөр дээгүүр ердөө 2 долоо хоногийн хугацаанд гарч танхимын буюу дотор талбайн дэлхийн рекордыг хоёр удаа шинэчлэн тогтоогоод байна.
Америкт төрж өссөн, Америк эцэгтэй Арманд Дьюплантис ээжийнхээ эх орон болох Швед улсын нэрийн өмнөөс олон улсын тэмцээнд оролцдог бөгөөд өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ.