Covid-19
ЭМЯ:500 мянган тун томуугийн вакцин энэ сард ирнэ
ЭМЯ-наас коронавирусын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. Манай улс өчигдөр 1408 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Харин өнөөдөр 59 настай эмэгтэй эдгэрч эмнэлгээс гарлаа. Мөн өчигдөр ХӨСҮТ-д нэг эмэгтэй амаржиж, хүүтэй болжээ. Батлагдсан 311 тохиолдлоос 302 нь эдгэрсэн. ХӨСҮТ-д есөн хүн эмчлүүлж байгаагаас долоон хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний бие хүндэвтэр байна.
Энэ үеэр Томуугийн вакцины талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрээр “Засгийн газрын захиалсан 120 мянган тун вакцин, АНУ-ын Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хандиваар өгөх 89450 тун вакцин, ДЭМБ-ын дэмжлэгээр 300 мянган тун томуугийн вакцин энэ сард ирнэ. Өөрөөр хэлбэл 209450 тун вакцин дээр 300 мянган тун томуугийн вакцин нэмэгдэж ирнэ. Вакцин ирмэгц эмнэлгийн ажилчид, хил, гаалийн ажилтан, онцгой, хууль хүчний байгууллагынхан, жирэмсэн эмэгтэйчүүд, 0-5 хүртэлх насны хүүхдүүд, 65-аас дээш насны өндөр настнуудад хийх ажлыг цаг алдахгүй зохион байгуулна” гэж ярилаа.