Энтертайнмент

Монголоос 50 тамирчин “Токио-2020”-д оролцох боломжтой

Нийтэлсэн

Токиогийн олимп түүхэнд анх удаа хойшилж, 2021 оны долдугаар сарын 23-ны баасан гаригт эхлэх болоод буй. Бид энэ тухай та бүхэнд мэдээлсэн билээ.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас ийм нөхцөл үүссэнийг та бүхэн мэдэж байгаа. “Токио-2020” олимп хойшилсноос гадна тэрхүү олимпод эрхээ биелүүлж оролцох зарим тэмцээнүүд ч цуцлагдаж, хугацааг нь хойшлуулжээ.

Ирэх оны олимпод нийт 206 орны 11091 тамирчин хурд, хүчээ сорьж, 33 спортын 50 төрлөөр 339 иж медалийн төлөө өрсөлдөнө. Токиод тэдний дунд байх эрхийг одоогоор Монгол Улсаас 10 тамирчин, нэг баг баталгаажуулаад байна. Эдгээрийг танилцуулвал:

  • Ц.Анударь хийн гар буу, эмэгтэй
  • Э.Даваахүү хийн гар буу, эрэгтэй
  • О.Есүгэн урт буу, эмэгтэй
  • О.Гүндэгмаа спорт гар буу, эмэгтэй
  • Т.Тулга чөлөөт бөх эрэгтэй 65 кг
  • С.Батцэцэг чөлөөт бөх эмэгтэй 68 кг
  • Б.Мөнхзаяа марафон гүйлт, эмэгтэй
  • Ц.Бямбажав марафон гүйлт, эрэгтэй
  • Б.Отгонболд байт харваа, эрэгтэй
  • Б.Чинзориг бокс эрэгтэй 63 кг
  • 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг (4 тоглогчтой)

Манай тамирчдын хувьд цаашдаа жүдо (11-12 эрх), чөлөөт бөх (5-6 эрх), бокс (2-3 эрх), хөнгөн атлетикийн марафон гүйлт (2-3 эрх), хүндийг өргөлт (1 эрх), таэквондо (1 эрх), 3х3 сагсан бөмбөг (эрэгтэй баг) зэрэг төрлөөр эрхээ нэмэгдүүлэх боломжтой. Мөн усанд сэлэлтийн төрлөөр хоёр тамирчинд (эрэгтэй нэг, эмэгтэй нэг) Олон улсын олимпийн хороо, Олон улсын усан спортын холбооноос урилга ирүүлэх өндөр магадлалтай. Ингэхээр Монголын олимпийн багт 36-39 эрхээр 50 шахуу тамирчин Токиог зорих боломж байна. Түүнээс цөөн ч байж болно, олимпийн эрхийн тэмцээнүүд өндөрлөхөөр энэ тухайд цэгнэж, медалийн таавраа уралдуулж болох юм.

Мөн “Токио-2020” паралимпад оролцохоор Монгол Улсын таван иргэн эрхээ биелүүлээд байгаа билээ.

“Токио-2020”-ын эрхийн тэмцээний товыг эцэслэн албажуулсан нь одоогоор алга. Ерөнхийдөө 2021 оны эхнээс үргэлжилсээр зургадугаар сард өндөрлөх болов уу. Урьдчилсан байдлаар зарим тэмцээний хуваарь гарсан байгаа ч товоороо явагдах эсэх нь эргэлзээтэй. Тэр тусмаа хил нь хаалттайгаар хаваржаад, зусаад, намаржиж буй Монгол орны тухайд. Энэ нь гагц гайхал коронавирусаас л хамаарах асуудал. Одоогоор юуг ч тодорхой хэлэхэд эрт байна.

Exit mobile version