Нийгэм

Зүрхний титэм судасны эмгэгийг эрт оношилж, эмчлэх нь гэнэтийн нас баралтыг бууруулах хүчин зүйл болдог

Нийтэлсэн

“Интермед” эмнэлгийн зүрх судас, судсан дотуурх мэс заслын эмч, АУ-ны доктор Х.Батмягмартай ярилцлаа.

– Эн тэргүүнд зүрхний титэм судасны үүрэг, өвчлөлийн талаар товчхон ойлголт өгөөч?

– Зүрх нь цусыг эд эрхтэнд шахаж байх шахуургын үүрэгтэй булчинлаг эрхтэн. Энэхүү булчинлаг эрхтэнг цусаар хангаж байдаг үүрэгтэй артерийн судсыг титэм судас гэдэг. Зүрхний титэм судасны эмгэг нь судас хатуурч, нарийсал үүсч, зүрхний булчинд хүчилтөрөгч дутагдаж эмнэл зүйд амьсгаадах шинжээр илэрдэг, үндсэн хүндрэл нь зүрхний шигдээс, аминд аюултай хэм алдагдал, зүрхний дутагдал, зүрх гэнэт зогсолтоор хүндэрдэг  эмгэг.

Монгол Улсын эрүүл мэндийн тоон үзүүлэлтэд зүрх судасны эмгэгийн өвчлөл гуравдугаарт, нас баралт тэргүүн байранд байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 2016 онд зүрхний титэм судасны эмгэгээр 9.1 сая хүн нас барж байсан бол 2018 онд 9.2 сая болж нэмэгдсэн.

– Титэм судасны эмгэгийн хэдэн наснаас эхэлдэг вэ?

– Судас хатуурах өвчин нас дагаж үүсдэг. Ихэвчлэн настай хүмүүс судас хатуурах эмгэгээр өвчилдөг. Хүйсийн хувьд эрэгтэйчүүд нь 40 наснаас, эмэгтэйчүүд 50 наснаас гэж үздэг. Тэгэхээр эрэгтэй хүн 40 наснаас биеийн жингээ барихыг зөвлөдөг. Таргалалттай, тамхи татдаг, 40 настай эрэгтэй хүн бол зүрх судасны өвчний эрсдэлүүд байна гэж үзэж, өвдөхийг нь хүлээлгүй өөрсдөө анхаарах хэрэгтэй.

– Ямар зовуур илрэх вэ?

– Үндсэн зовуур нь амьсгаадах, цээжээр өвдөх, зүрх дэлсэх шинжээр эхэлдэг. Өөрөөр хэлбэл өмнө нь алхаж явдаг байсан зайндаа явахаар амьсгааддаг болох, амьсгаадахтай зэрэгцээд өвчүүний ар талд хорсох, хүнд оргиод хоолойруу шахаж тулаад, боогоод байгаа мэт зовиур илэрдэг. Ер нь л цээжний араар зовуурлана. Монголчуудын дунд багагүй хувьд нь шинж тэмдэггүй, өөрт нь ямар ч зовуургүй хэлбэрээр илэрдэг.

Тэгэхээр урьдчилан сэргийлэх журмаар эрт оношилж, эмчлүүлэх нь оновчтой арга төдийгүй зүрхний титэм судасны хүндрэл, нас баралтаас сэргийлэх боломжтой. Тайван үеийн болон ачаалалтай зүрхний бичлэгээр далд байгаа эмгэгийг илрүүлнэ. Дээрээс нь зүрхний хэт авиан шинжилгээ, компьютер томограф, титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээ хийлгэж болно.

– Эмчилгээний талаар товч хариулна уу?

Титэм судасны эмгэгийн үед эмийн болон мэс засал гэсэн үндсэн хоёр аргатай. Титэм судасны хөндий доторх диаметр 75-аас дээш хувийн нарийсалтай үед судсан дотуурх мэс заслын аргаар нарийссан судсанд стенд тавих, нээлттэй мэс заслын аргаар гол судаснаас нарийссан судас давуулж залгаас хийх мэс засал хийдэг. 75-с доош хувийн нарийсалд эмийн эмчилгээг санал болгох зөвлөмжтэй байдаг. Зүрхний булчингийн эс хүчилтөрөгчийн дутагдалд орсоноор зүрхний эсүүд хөөж, хавагнан задарч зүрхний шигдээс болдог.  Энэ үйл явц титэм судасны хөндийн нарийслийн хэмжээтэй хамааралтай төдийгүй, эмнэлзүйн илрэлээр нь хэд хэд ангилдаг.

– Эрэгтэйчүүдийн хувьд 40-өөс дээш насныхан анхаарах хэрэгтэй, харин эмэгтэйчүүд 50-иас дээш насанд гэлээ. Энэ олон насны зөрүү юутай холбоотой байна вэ?

-Энэ нь бэлгийн даавартай холбоотой. Бэлгийн дааврын зохицуулга нь судасны хатуурлыг удаашруулж байдаг. Иймд бэлгийн даавар багасаж, цэвэршилт явагдаад ирэхээр судас хатуурлын үйл явц хурдсах хандлагатай болдог. Нөгөө талаас тамхи, архи, хөдөлгөөний дутагдал, чихрийн шижин, даралт ихсэх эмгэг, стресс, орчны нөлөө зэрэг нь нөлөөлөх хүчин зүйлс болдог.

– Зүрхний титэм судас хатуурч, нарийсах эрсдэлт хүчин зүйлсийг дурдвал.

– Судас хатуурах эмгэгийн эрсдэлийг эргэх болон үл эргэх гэж ангилдаг. Эргэх хүчин зүйлд нь тамхи, цусан дахь холестрины хэмжээ, стресс, амьдралын хэв маяг, хавсарсан өвчин зэрэг ордог бол үл эргэх эрсдэлт хүчин зүйлд нас хүйс ордог. Тухайлбал эрэгтэй хүн 60 настай, цусны даралт ихсэх эмгэгтэй, тамхи татдаг, жин ихтэй бол зүрхний титэм судасны эмгэгийг илрүүлэх шинжилгээ заавал хийлгэж урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

– Түрүүнд шинж тэмдэггүй хэлбэр гэж ярьснаа тодруулаач?

– Монголчууд далайн түвшнээс дээш 1300-1600 метр орчимд, дунд болон нам өндөр уулын бүсэд амьдардаг. Манай орон цаг уурын 4 улиралтай, тал нутгаас өндөр уулархаг бүсэд тархаж амьдардаг ард түмэн. Даралтын түвшнээс хамаараад хүчилтөрөгчийн тэсвэрлэх чадвар өөр өөр байдаг. АУ-ны доктор Д.Нарантуяа судлаачийн судалгаагаар зүрхний шигдээсээр оношлогдсон хүмүүсийн цөөнгүй хувьд нь өвдөлтгүй хэлбэр байсан талаар тэмдэглэсэн байдаг.

Зүрхний шигдээс хугацаа алдаж оношлогдоод эмчлүүлсэн бол зүрхний дутагдлаар хүндэрдэг. Нэгэнт зүрхний дутагдлаар хүндэрвэл амьдралын чанар, амьдрах чадварыг бууруулдаг. Аль болох хүндрэлээс сэргийлээд, зүрхний бүтэц үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр титэм судасны өвчнийг эрт оношлоод, эмчлэх нь гол зорилго юм.

Exit mobile version