Яам

Эрээн хотын Ардын засгийн газар мэдэгдэл гаргажээ

Нийтэлсэн

Манай улстай хил залгаа БНХАУ-ын ӨМӨЗО-нд шинэ коронавирусээр өвчилсөн нийт 16 тохиолдол бүртгэгдсэнээс 1 өвчтөн маш хүнд, 1 өвчтөн хүндэвтэр, 396 иргэнийг эмнэлгийн хяналтад авчээ.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг саармагжуулах талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа талаар БНХАУ-ын Эрээн хотын Ардын засгийн газраас мэдэгджээ. Үүнд:

  • ӨМӨЗО-руу гаднаас чиглэсэн хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгаж төмөр зам, иргэний нисэх, авто замын хэсгүүдэд гааль болон холбогдох газар, хэлтсүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах;
  • Хот суурин газрын автозамын хөдөлгөөнийг хязгаарлаж, зарим бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоох, Хубэй муж руу зорчсон иргэдийг эмчийн үзлэгт хамруулан тандалт судалгааг хийж өвчний тохиолдлыг бүртгэх;
  • Эрүүл мэндийн бүх шатны байгууллагууд үзлэг, оношилгоо, тандалт судалгааг түргэн шуурхай явуулж сэжигтэй тохиолдлуудыг бүртгэх;
  • Хүн ам олноор цуглардаг газрууд буюу нисэх онгоцны буудал, томоохон худалдааны төвүүд, автобус, метроны буудлуудын ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж иргэдийн биеийн халууныг хэмжиж өвчний тохиолдлыг бүртгэх,
  • Батлагдсан 16 тохиолдол, сэжигтэй 2 тохиолдол тус бүрийг эмнэлгийн хяналтад авч, шаардлагатай эмчилгээг тусгаарлан хийх,
  • Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй албан хаагчдын аюулгүй байдлыг хангаж ажиллах мөн эмнэлгийн хог хаягдлыг стандарт, шаардлагын дагуу устгах,
  • Нэн шаардлагатай хүнс болон бараа бүтээгдэхүүний хангалтыг сайжруулах, үнийн хөөрөгдлийг зах зээлийн ханшинд барих, маск, ариутгалын бодис, эмийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтмол хангах,
  • Өвчний талаарх мэдээллийг цахим орчин болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр албан ёсоор ард иргэдэд хүргэх, ард иргэдийн өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор суртал ухуулгын хуудас, самбарыг олон нийтийн газар байршуулах, худал мэдээллийг цахим орчинд байршуулсан тохиолдолд захиргааны арга хэмжээг авах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх зэрэг ажээ.

Эрээн хотын зүгээс тус хотод амьдарч буй иргэд болон боомтоор дамжин өнгөрч байгаа гадаад улсын иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж, Эрээн боомтоор дамжин өнгөрч буй гадаадын иргэд болон ажиллаж, амьдарч байгаа иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэх, цаг үеийн асуудлаар мэдээлэл авч хариулт өгөх зорилгоор 24 цагийн турш ажиллах 7522279 дугаарыг нээсэн гэж Эрээн хотын захиргаанаас мэдэгджээ.

Монгол Улсын Гадаад Хэргийн Яам

Exit mobile version