Улс төр

НИТХ-ын дарга Р.Давга улсаас 110 сая гаруй төгрөг завшсан хэргээр шалгагдаж байна

Нийтэлсэн

АТГ-аас Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Давгыг албан тушаал, эрх мэдлээ ашиглан өөртөө давуу байдал бий болгон, улсаас их хэмжээний мөнгө шамшигдуулсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж эхэлснийг баттай эх сурвалж мэдээллээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр заалтаар буруутган өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш шалгаж байгаа юм байна.

Тэрбээр Хурлын болон Тэргүүлэгчдийн даргын албан тушаалаа урвуулан ашиглаж, гадаад томилолт, сургалтын зардал нэрээр 110.6 сая төгрөг өөртөө цохож, Тэргүүлэгчдийн хурлаар батлуулсан нь шат шатны баримтаар нотлогдоод байгаа аж. Тодруулбал, тэрбээр НИТХ-ын тэргүүлэгчдийн 2019 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн 207 тоот тогтоолоор өөртөө Гадаад албан томилолт, 208 тоот тогтоолоор мөн өөртөө сургалтын зардлын төлбөрт хэмээн дээрх хэмжээний мөнгийг нэг өдөр шийдвэрлэсэн байна. Уг төсвийг НИТХ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах ёстой байсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Түүний энэхүү хууль бус үйлдлийг Нийслэлийн аудитын газраас илрүүлэн хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн байна.

Р.Давга нь эрх зүйч мэргэжилтэй, МҮОНРТ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т тус тус ажиллаж байсан билээ. Тэрбээр МАН-ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хурлын гишүүн, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хурлын тэргүүлэгч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгийн дарга зэрэг сонгуульт ажил хийж байжээ.

 

НИТХ-ын дарга Р.Давга улсаас 110 сая гаруй төгрөг завшсан хэргээр шалгагдаж байна

 

http://ergelt.mn/

Exit mobile version