Эдийн засаг

Ломбардуудын 36 хувь нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна

Нийтэлсэн

ШӨХТГ-аас Барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардуудын үйл ажиллагаанд шалгалт оруулаад дуусчээ. Шалгалтанд нийслэлийн хэмжээнд нийтдээ 180 ломбардыг хамруулсан бөгөөд тэдний үйл ажиллагаа Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хянаж шалгасан байна.

Ломбардууд алт, мөнгө, монетон эдлэл, хөөрөг, хэт хутга, эмээл, хазаар, эртний эдлэл, автомашин, гар утас, гар утасны дугаар, зургийн аппарат, зөөврийн болон ширээний компьютер, гэр ахуйн цахилгаан бараа, мөн автомашин зэрэг иргэдийн хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээл олгож байна.

Хяналт шалгалтад хамрагдсан ломбардууд барьцааны эд зүйлсийг үнэлэхдээ зах зээлийн үнээс 50-80 хувиар доогуур үнэлж авдаг ба зээлийн хүү нь барьцаалсан эд зүйлээс шалтгаалан 7, 14, 21, 30 хоногийн хугацаатайгаар хүү тооцдог, хугацаа хэтэрсэн хоног тутмаас алданги тооцон авдаг бол зарим газрууд нь алданги тооцдоггүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.

Харин Иргэний хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хүрээнд:

  • Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний талаар хэрэглэгчийг бодит мэдээллээр хангаж ажилладаггүй;
  • Хэрэглэгч эрхээ хамгаалах тухай болон санхүүгийн мэдлэггүй байдлыг ашиглан хэт нэг талын ашиг сонирхол давамгайлсан, хууран мэхэлж, төөрөгдүүлсэн шинжтэй гэрээг шууд тулган байгуулдаг;
  • Цахилгаан бараа, гар утас, нөүтбүүк, ТВ-ийг зах зээлийн ханшаас доогуур буюу 40-50 хувиар үнэлж авдаг, хугацаа богино, хүү өндөр, хоногоор алданги тооцдог;
  • Иргэний барьцааны эд зүйлсийг зээлийн хугацаа дуусмагц сануулах мессежийг илгээдэг ба дараагийн өдрөөс зөрүү тооцохгүйгээр үл маргах журмаар худалдан борлуулж ломбардын орлого болгох талаар гэрээнд тусгасан;
  • Зээлийн гэрээний хугацаанаас өмнө иргэн эд зүйлээ авсан ч тухайн зээлийн гэрээнд заасан хоногоор хүүг тооцож төлөхөөр гэрээнд тусгах зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
  • Ломбардуудын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн тухайд 36.7 хувь нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа бол үлдсэн 63.3 хувь нь дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс олгосон батламжийн дагуу үйл ажиллагаа явуулж байна.
Exit mobile version