Дүүрэг

БЗД-ийн гурван хороонд өдөрт 16 машин, 30-45 удаагийн рэйсээр явж, хог цэвэрлэж байна

Нийтэлсэн

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, Захирагчийн ажлын албаны Хот тохижилтын хэлтэс болон бусад холбогдох албаныхан нийслэлийн ЗДТГ-ын Явуулын ажлын байранд ажиллалаа.

Хотын захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах, элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс “Хоггүй амьдарцгаая” аяныг нийслэл даяар өрнүүлж байна. Уг аяны хүрээнд нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга, дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын удирдлагууд нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллаж байна.

Уг аяны хэрэгжилтийн явцыг шалгахаар албаныхан Баянзүрх дүүргийн 5,19, 22 дугаар хороодод очиж ажиллалаа. Баянзүрх дүүргийн хувьд хүн ам ихтэй, газар зүйн байрлалын хувьд том учраас цэвэрлэгээ үйлчилгээг графикийн дагуу хийсэн ч хүчирддэггүй учир хааяа иргэний байгууллагуудын төлөөллүүдтэй хамтарч их цэвэрлэгээ хийдэг талаар  Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт ярив. Мөн Баянзүрх дүүргийг дөрвөн бүсэд хувааж, Тохижилт үйлчилгээний компанийн ажилчдыг хуваарилж, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол явуулж байгаа. Гэсэн ч тээвэрлэлтийн машинууд насжилттай холбоотойгоор  эвдрэх тохиолдол их гарч ажил удааширдаг гэв.

“Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн ТББ”-н тэргүүн А.Нямдорж “Манай Төрийн бус байгууллага нь айл өрхүүд, аж ахуйн нэгжүүд болон гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээний тээвэрлэлтэд хяналт тавьж ажиллаж байна. Өнөөрийн байдлаар 2,858 тонн хог хаягдлыг цэвэрлээд байна. Өдөрт 16 машин тээвэрлэлтэд гарч 30-45 рэйс хийж цэвэрлэж байгаа” гэв. Энэ үеэр хотын Захирагч иргэдийн төлөөлөлүүдтэй уулзаж санал сэтгэгдлийг нь сонслоо. Иргэдийн зүгээс “Хуучин хоёр гурван сар болоод хогоо ачдаг байсан одоо хогны тээвэрлэлт харьцангуй эрчимжсэн” хэмээн хэлж байв. Ийнхүү албаныхан тус дүүргийн хэд хэдэн хэсгээр явж “хоггүй амьдарцгаая” аяны хэрэгжилтийг шалгаад, цаашид дүүрэг хороодын хогны цэвэрлэгээг сар бүр их цэвэрлэгээ явуулж тогтмол ажил болгох ёстойг хотын Захирагч хэлж байв.

Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт ажиллав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар томуу, томуу төст өвчлөл хүүхэд багачуудын дунд их тархаж байгаатай холбогдуулан  Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ  “Өнгөрсөн сарын байдлаар томуу, томуу төст өвчлөлөөр 200 гаруй хүүхэд хэвтэж эмчлүүлсэн. Энэ сарын байдлаар харьцангуй буурч, өдөрт 20 хүүхэд үзүүлж байна. Манай эмнэлгийн хувьд хүндрэлтэй асуудал одоогоор алга. Хүлээн авах дээр 5 эмч, 9 резидэнт эмч ээлжилж ажиллаж байгаа. Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг, эмийн бэлдмэл зэргээр бид хомсдолд ороогүй хэвийн ажиллаж байна” гэв.

Хотын захирагч С.Амарсайхан эмнэлгийн нөхцөл байдал, шаардлагатай тоног төхөөрөмж байгаа эсэх болон БНХАУ-д тархаад буй шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар ярилцахдаа “Хотын удирдлагууд Эрүүл мэндийн яамтай хамтарч нэн түрүүнд иргэдийн эрүүл мэнд аюулгүй байдлыг хангаж ажиллах болно” гэдгийг хэллээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Exit mobile version