Энтертайнмент
Бээжингийн олимп эхлэхэд 500 хоног үлдлээ
Өмнөд хөршийн нийслэл Бээжин хот өвөл, зуны олимпийг аль алийг нь хүлээн авах анхны хотоор тодроод байгаа. “Бээжин-2022” цагаан олимп эхлэхэд 500 хоног үлдсэн ёслол эвент өчигдөр Бээжингийн дагуул хотуудад явагдав.
Үндсэн арга хэмжээ нь Цагаан хэрмийн Бадалингийн хэсэгт болж, урлаг соёлын тоглолтууд, цаасан хайчилбарын үзэсгэлэн, олимпийг дамжуулах эрхтэй CCTV телевизийн үзүүлбэр зэрэг олон үйл явдал өрнөжээ. Түүнчлэн 500 хоногийг угтан Бээжингийн “Капитал” онгоцны буудалд нэгэн онгоцыг олимпод зориулан будаж тоноглосон байна.
“Өвлийн олимпийн цас, мөсний шоу” нэртэй тэрхүү онгоцонд “Бээжин-2022” олимп, паралимпийн лого, зураг, билэгдэл сахиусыг дүрсэлсэн байна. Тус онгоц анхны аялалдаа Бээжин-Чэндү чиглэлд нисч, Бээжин хотын эрх баригчид, Хятадын иргэний агаарын тээврийн удирдлагууд болон бусад хүмүүс аялжээ. Нислэгийн үеэр олимпийн аварга уран гулгагч Пан Чин, Түн Жянь нар олимпийн түүхийн сэдвээр асуулт хариултын тэмцээнийг зохион явуулав.
Эх сурвалж: www.olympic.org