Дэлхий
Хятад улс анх удаа хүлэмжийн хийн хэмжээгээ бүрэн хязгаарладаг болох амлалт авлаа
Өчигдөр НҮБ-ын ерөнхий ассамблейн 75 дугаар чуулганд онлайнаар оролцож үг хэлэхдээ Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин 2060 оноос өмнө хүлэмжийн хийн ялгарлыг хязгаарлах амлалт авсан нь гэнэтийн мэдэгдэл байлаа.
Тэрбээр цар тахлын дараах сэргэлтийг “ногоон сэргэлт” байх ёстой гээд “Хятад улс Парисын уур амьсгалын гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд илүү шийдвэртэй арга хэмжээ, бодлого хэрэгжүүлэх болно” гэж хэлжээ.
Хятад улсын амлалт нь ирэх арван жилийн хугацаанд улсынхаа ялгаруулдаг хүлэмжийн хийн хэмжээг дээд цэгт нь хүргээд бууруулж эхлэх ба 2060 оноос өмнө хүлэмжийн хийгээ бүрэн хязгаарлаж чаддаг болох юм байна.
Өөрөөр хэлбэл 2060 оноос өмнө тус улсын агаар мандалд ялгаруулдаг хүлэмжийн хийн хэмжээ шингээх хэмжээтэй нь тэнцэх ажээ.
“Ши Жиньпиний амлалт нь том өөрчлөлт боллоо. Анх удаагаа Хятад улс хүлэмжийн хийнээсээ ангижрах амлалт авч байна” гэх Азийн Нийгэмлэгийн зөвлөх, уур амьсгалын дипломатч асан Том Вүүдрүүф үнэлсэн байна.
Хятад улс нь өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн том хүлэмжийн хий үйлдвэрлэгч юм.
Өмнө нь тус улсын эрх баригчид 2030 он хавьцаа хүлэмжийн хийн өсөлтөө оргилд нь хүргэж, зогсоох амлалтыг зөвхөн авч байжээ.
Хятад улсын амлалт нь 2021 оны арваннэгдүгээр сард Их Британид болох НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн чуулган “Cop26”-ийн үр дүнд том түлхэц болохоор байна.
2015 онд байгуулагдсан Парисын гэрээ нь дэлхийн дулаарлын өсөлтийг Цельсийн 2 хэмээс хэтрүүлэлгүй барих зорилготой юм.
Энэ зорилгын хүрээнд дэлхийн улс орон бүхэн өөр өөрийн хэмжээнд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах үүрэг хүлээж байгаа.
Өнөөдрийг хүртэл дэлхийн хүлэмжийн хийн өсөлтөд нөлөө багатай жижиг улс орнууд үндэсний хэмжээний бодлогоо зарлаад байсан бол томоохон гүрнүүд уг асуудалд хойрго хандаж байв.
Хятад улсын амлалт нь дэлхийн бусад том гүрнүүдэд шахалт үзүүлэх сайн нөлөөтэй юм.
Эх сурвалж: The Guardian