Дэлхий
ОХУ-д шинэ коронавирусийн халдварын хоёр тохиолдол илэрчээ
ОХУ-д зорчиж байсан Хятадын хоёр иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн тухай Оросын засгийн газрын шадар сайд Татьяна Голикова өчигдөр мэдэгджээ. Тэрээр коронавирусийн тархалттай тэмцэх засгийн газрын түр хороог даргалж байгаа юм.
Хоёр тохиолдлыг Сибирийн Забайкальск, Тюмень мужуудаас илрүүлсэн байна. Хоёр өвчтөн тусгаарлагдан эмчлүүлж байгаа ба халдвар орон даяар тархах эрсдэл бага байгааг Голикова мэдээлжээ.
ОХУ-ын засгийн газар Хятадад байгаа иргэдээ нүүлгэн шилжүүлэхээр бэлдэж байгааг тэр мөн мэдээлсэн юм.
“Бид Ухань хот болон Хубэй мужаас Оросын иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлнэ. Одоо Ухань хотод манай 300, Хубэй мужид 341 иргэн байгаа” гэж Голикова хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
Үүнээс гадна Хайнань аралд амарч байгаа 2,665 иргэнээ ирэх долоо хоногт тусгай үүргийн нисэх онгоцоор эх оронд нь ирүүлэхээр болсон байна.
Оросын авиа компаниудын ихэнх нислэг зогсож байгаа бол ганцхан Аерофлот компани Хятадын Бээжин, Шанхай зэрэг дөрвөн том хот руу хийдэг нислэгээ хэвийн үргэлжлүүлэхээр болжээ.
Харин Хятадын дөрвөн авиа компани Орос руу хийдэг нислэгээ хэвийн үргэлжлүүлэх юм байна.
Өнгөрсөн Пүрэв гарагт ОХУ-ын засгийн газар Алс Дорнод дахь Хятадтай залгаа хилээ хааж, Хятадын иргэдэд электроник виз олгох үйл ажиллагаагаа зогсоосон юм.
Үүнээс гадна Хятадын иргэдэд ажлын виз олгохоо зогсоохоор төлөвлөж байгааг Голикова өчигдөр мэдээлсэн байна. Амны хаалт, эм тарианы хангамж тасалдах асуудал ОХУ-д байхгүйг тэр мөн мэдэгджээ.
Өнөөдөр өглөөний байдлаар шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо нийтдээ 11,288 хүрснээс 11,156 нь эх газрын Хятадад, үлдсэн нь дэлхийн бусад 22 улсад оногдож байна. Халдварын улмаас нас барсан хүний тоо 258 хүрсэн нь бүгд эх газрын Хятадад байгаа юм.
Эх сурвалж: AFP