Нийгэм

Хүүхдийг нөхцөлгүйгээр хүлээн зөвшөөрч хайрлаж байгаагаа хүүхдэд хэрхэн мэдрүүлэх вэ?

Нийтэлсэн

Хүүхдэдээ хайргүй аав ээж гэж байдаггүй. Монголчууд бид “Хал нь гаднаа, хайр нь дотроо” гэдэг үгийг хүмүүс хүүхдээ хүмүүжүүлэхдээ их ашигладаг. Гэхдээ энэ үгийг шууд утгаар нь хүлээн авч болохгүй. Жишээ нь: “Би чамд яаж болохгүйг ойлгуулахын тулд зодох ёстой- энэ нь хайраа илэрхийлж буй байдал” гэсэн хандлага байдаг. Дээрх зүйр үгний Энэ цаана утга нь хүүхдээ хайрлаад муу муухай зүйлээс хол байлга гэж байгаа болохоос биш хүүхдээ зод гэдэг утга огт биш юм. Дээрх зүйр үгийг эерэг утгаар нь тайлбарлавал “Хайртай гээд өдөр бүр баахан амттан авч өгөөд байя. Энэ нь хайрлаж байгаа нэрийдлээр хорлож байгаатай адил юм. Ийм тохиолдолд “Хал нь гаднаа, хайр нь дотроо” байх хэрэгтэй буюу чихэр жимс гэх зүйлийг бага хэмжээтэйгээр өгөх эсвэл хааяа өгөх гэх мэт.

Хүүхдийг зодож загнаад, хүүхэд рүү хашхираад, өөр хүүхэдтэй харьцуулаад байх юм бол хүүхэд илүү ойлгоно гэж боддог уу?

Харин хүүхэд тухайн зүйл буруу, зөв болохыг биш яавал би энэ өвдөлт айдсыг мэдрэхгүй байх вэ? гэдгийг л ойлгодог. Энэ таны эцсийн зорилго гэж үү?

Аав ээжийн хайрлагдсан хүүхэд гэдгээ мэдэрч байж хүүхэд өөрийгөө үнэ цэнэтэй чухал хүн гэдгээ мэдэрч чадна . Хүүхдийг нөхцөлгүйгээр хүлээн зөвшөөрч хайрлаж байгаагаа харуулахын тулд нэг бяцхан асуултыг орой бүр унтахынхаа өмнө хүүхдээсээ асуугаарай.

Хэн нэгэн хүн ээжээс нь ” Чамайг өөр гоё хүүхдээр солих уу?” гэж асуувал ээж нь юу гэж хариулах бол?
Хүүхдийн хариултыг нь сонсоорой (хүүхдийн наснаас хамаараад үгийг нь бага зэрэг өөрчлөөрэй).Хүүхэд хариулж мэдэхгүй байвал та “Ээж нь хэзээ ч чамайг өөр хүүхдээр солихгүй, ээж нь охиндоо л хайртай, ямар ч гоё хүүхэд өгнө гэсэн ээж нь чамд л хайртай, миний охин байгаагаараа л ээждээ гоё. Миний охин ямар ч буруу зүйл хийсэн ямар ч алдаа гаргасан ээж нь чамайг хайрласаар байх болно гэж хариулаарай. Ийм хариулт сонсохоор хайр ундраад л ирдэг. Энэ асуултыг орой бүр асуугаад байгаарай.

Ихэвчлэн аав ээжүүд “Чи ийм бол би чамайг хүлээн зөвшөөрч хайрлахгүй” гэдэг мессежийг хүүхдэдээ их өгдөг. Хүүхэд өөрийн мэдэлгүй “Хайрлагдахын тулд би өөрөөрөө байж болохгүй” гэдэг ойлголттой болдог. Бусдад хайрлагдахын тулд бусдын хүслээр амьдардаг хүн болох магадлалтай.

 

Цахим хуудас: Сэтгэл зүйч Г.Хулан

Exit mobile version