Дэлхий
Оростой энхийн хэлэлцээр байгуулах асуудлаар Абэ тусална
Шинээр сонгогдсон Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидо ОХУ-тай энхийн хэлэлцээр байгуулах талаар идэвхтэй ажиллана гэдэгт найдаж байгаагаа Абэ Шинзо хэллээ. Абэ Шинзо нь эрүүл мэндийн шалтгаанаар хоёр долоо хоногийн өмнө Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорсон билээ. “Хоёр орны үндэсний эрх ашиг зөрчилдөж байгаа асуудлаар хэлэлцээр байгуулах амаргүй. Гэхдээ улс орны газар нутгийн асуудлыг анхаарахгүй орхиж болохгүй. Шинэ Ерөнхий сайд Сүга Ёшихидо хоёр орны хооронд энхийн хэлэлцээр байгуулах асуудлыг идэвхтэй хөөцөлдөнө гэдэгт итгэлтэй байна. Энэ ажилд би туслахад бэлэн байна” хэмээн Абэ Шинзо “Иомиури” сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
“Ерөнхийлөгч Путин нь ч гэсэн энэ асуудлыг дунд хугацааны ажлын төлөвлөгөөндөө оруулан шийдэж Японтой харилцаагаа гүнзгийрүүлэхийг хүсч байгаа” хэмээн Абэ нэмж хэлжээ.
ОХУ, Японы харилцаа олон жилийн турш харилцан энхийн хэлэлцээр хийж чадахгүй байгаагаас болж бүрэн дүүрэн болж чадахгүй байгаа юм. 1956 онд тухайн үеийн ЗХУ болон Япон хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, Хабомаи болон Шикотан арлыг Японд өгч, Кунашир болон Итуруп арлын асуудлыг сөхөж тавихгүй гэсэн нөхцөлтэйгээр дараа нь Энхийн хэлэлцээр байгуулахаа Москва амалсан. Оросын тал энэхүү хамтарсан мэдэгдлээр хоёр улсын хоорондох газар нутгийн маргаан шийдэгдсэн гэж үзсэн боловч Японы тал энэ хамтарсан мэдэгдэл нь хоёр улсын хоорондох асуудлын зөвхөн нэг хэсэг гэж үзэн дөрвөн арлыг бүгдийг өөрсдийн эзэмшил нутаг гэсэн байр сууриасаа ухраагүй билээ. Үүнээс хойш явагдсан бүхий л яриа хэлэлцээ амжилтад хүрээгүй байгаа юм.
2018 онд Сингапурт болсон ОХУ, Японы тэргүүн нарын уулзалтын үеэр 1956 оны хамтарсан мэдэгдлийн хүрээнд Энхийн хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эрчимжүүлэхээр тохирсон нь Японы талаас буулт хийсэн алхам болсон.