Дэлхий
Технологийн бус салбараас төрсөн тэрбумтан Хятадын тэргүүн баян болжээ
Хятад улс шинэ тэргүүн баянтай болсныг Блүүмбэрг агентлаг зарлажээ.
Шинэ тэрбумтан Зонь Шаншан нь савласан цэвэр усны Nongfu Spring брэндийн эзэн юм байна. Энэ сарын эхээр компани нь Хонг Конгийн хөрөнгийн биржэд хувьцаагаа зарж эхэлсний дараахан тэр Хятадын гурав дахь баян болсон бол өнгөрсөн Лхагва гарагт Жэк Маг гүйцэж, тэргүүн баян болжээ.
Блүүмбэргийн тооцоолсноор Шаншаны хөрөнгийн хэмжээ одоо $58.7 тэрбум хүрээд байгаа бол Алибабагийн Жэк Магийн хөрөнгө $56.7 тэрбум болсон байна.
Зонь Шаншан нь бас Beijing Wantai Biological Pharmacy вакцин үйлдвэрлэгч компанийн гол хувь эзэмшигч ажээ. Энэ компани нь саяхан Шанхайн хөрөнгийн биржэд IPO хийж, Шаншаны хөрөнгийн хэмжээг бас өсгөсөн юм.
Зонь Шаншан нь технологийн салбарт ажилладаггүй гэдгээрээ онцлог. Үүнээс гадна тэр маш даруу, олон хүнтэй хутгалддаггүй хүн тул “ганцаардмал чоно” гэсэн хоч авч байжээ.
“Тэр зөвхөн өөрийнхөө бизнестэй холбоотой хүмүүстэй л харилцдаг. Бизнесийн хүрээнд найз нөхөд, танил цөөтэй” гэж Хятадын зах зээлийг судлаач, Hurun Report баялгийн судалгааны компанийн ерөнхийлөгч Руперт Хогверф ярьжээ.
Түүний мэдээлснээр энэ жил Хятадад IPO-ийн тэсрэлт болж байгаа бөгөөд үүний улмаас 100 орчим тэрбумтан шинээр төрөх тооцоотой байгаа гэнэ.
Эх сурвалж: CNN