Нийгэм

Архи, согтууруулах ундааг ням гараг бүр худалдахгүй байх санал гаргажээ

Нийтэлсэн

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Хууль зүйн бодлогын байнгын хороо, Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд болон Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулав.

 Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Манай яамнаас Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэж, яамдаас санал авч байгаа. Ирэх сард Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх юм. Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд нэмэлт, өөрчлөлтийн дээрх төслөө өргөн мэдүүлсний дараа Засгийн газар болон уг төслүүдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хэлэлцэх эсэхийг тусад нь шийдвэрлэх болно. Хууль санаачлагч талууд хоёр төслийг нэгтгэх боломжтой гэж зөвшилцсөн тохиолдолд төслүүдийг нэгтгэн хэлэлцэх зохицуулалттай. Хууль санаачлагчдын төслийн үзэл баримтлал ижил, олон талаараа давхцаж байгаа. Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн 2.2-т дэвшүүлсэн “Эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэн эрүүл мэндийн чанар, хүртээмж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлнэ” гэв.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор, профессор Л.Насанцэнгэл “4 хүний 1 нь амьдралынхаа хугацаанд ямар нэг сэтгэцийн эмгэгт нэрвэгддэг бол хөдөлмөрийн чадвар алдагдалтад хүргэдэг 10 өвчний 5 нь сэтгэцийн эмгэг байдаг байна. Манай улсын хувьд 1984-1992 оны судалгаатай харьцуулбал стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг  40 дахин  нэмэгдсэн. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны “Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаа”-нд сэтгэл түгшилт, нойргүйдэл, архаг ядаргаа, биеийн хэлбэрийн эмгэг, архинд донтох эмгэг, сэтгэл гутрал хэмээн эрэмбэлэгдсэн байна. Архинд донтох эмгэгээр эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс 13 дахин их, гэр бүл салсан байх нь гэр бүлтэй хүнээсээ 3 дахин их өртдөг” гэжээ.

Цагдаагийн байгууллагаас дараах саналуудыг тусгахаар ажиллаж байна

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөлд цагдаагийн байгууллагаас дараах саналуудыг тусгуулахаар ажиллаж байгаа аж.

Тухайлбал, архины үйлдвэрлэл, импортоор оруулж ирж буй архи, согтууруулах ундааны тоо хэмжээ, савлагааны хэмжээг бууруулах; согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоог тухайн нутаг дэвсгэрийн хүн амын тоо, нягтаршил, эрүүл мэнд, соёл, боловсролын  байгууллага, хүүхэд, залуучуудын хөгжлийн болон орон сууц, нийтийн байрны байршилтай уялдуулан бууруулах саналыг гаргажээ. Мөн үйлдвэрлэсэн, импортоор оруулсан согтууруулах ундааны литр тутамд худалдан борлуулж буй зах зээлийн үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний орлогыг Архидан согтуурахтай тэмцэх санд төвлөрүүлж, архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах нь зүйтэй гэдэг саналыг цагдаагийн байгууллагаас гаргасан байна.

Түүнчлэн архидан согтуурахтай тэмцэх тухай хууль тогтоомж зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах; согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхэд хямдрал урамшуулал зарлах, хөнгөлөлттэй үнэ, нөхцөлөөр худалдан борлуулах, үйлчлэхийг хориглох; уламжлалт зан заншил, архины зохисгүй хэрэглээ, түүний хор уршгийн талаар иргэд, олон нийтэд ухуулан таниулах, нийгэмд архинаас татгалзах эерэг хандлагыг төлөвшүүлэх нөлөөллийн ажил, арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх; 21 насанд хүрээгүй гэх үндэслэл байгаа тохиолдолд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн ажилтан нь согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийн өмнө хуулиар зөвшөөрөгдсөн насанд хүрсэн эсэхийг шалгадаг байх зохицуулалтыг төсөлд тусгуулах саналтай байгаа аж.

Түүнчлэн ням гариг бүр согтууруулах ундааг худалдаалахгүй байх санал гаргажээ.

Exit mobile version