Боловсрол

Төсвийн хөрөнгөөр хийгдэх засварын ажилтай холбоотой үүрэг чиглэл өглөө

Нийтэлсэн

Үндэсний номын сангийн даац хэтэрсэн, монголчуудын оюуны өв, баримт болох 3 сая 500 мянга гаруй ном хэвлэл маш хүнд нөхцөлд хадгалагдаж байгаа талаар мэргэжлийн байгууллагууд дүгнэлт гаргасан байдаг. Төсвийн хөрөнгөөр энэ онд хийгдэх завсар шинэчлэлийн ажлыг чиглүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тус номын сангийн удирдлага, ажилтнуудтай уулзаж, үүрэг даалгавар өглөө.

Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхоролоо, “Мэргэжлийн хяналтын болон бусад байгууллагын дүгнэлт актыг үндэслэн маш олон удаа төсөв мөнгө хүссэн өргөдөл, бичиг цаас явуулж байсан ч шийдэгддэггүй. Энэ удаад төр засаг соёлын асуудалд онцгой анхаарч номын сангийн засвар шинэчлэлд хоёр тэрбум төгрөг төсөвлөсөнд уншигчдынхаа өмнөөс талархаж байна. Ашиглалтад орох гэж байгаа номын сангийн өргөтгөлд орчин үеийн 2 сая гаруй ном хэвлэлийг шилжүүлэх болно. Үндэсний номын сангийн энэ байр эртний ховор судар номтойгоо үлдэж, соёлын баримтат өвийг сэргээн засварлах үндэсний төв, эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн, баримтат өвийн музей болж хүмүүст үйлчлэх төсөөлөл бидэнд бий” гэлээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, “Ардын хувьсгалын 100 жилийн ой ирэх онд тохионо. Энэ ойг номын сан өнгө төрхөө сайжруулан угтах нь тодорхой. Ингэхдээ сантехник, фондуудын хэсэгчилсэн засвар, дээвэр зэрэг далд ажиллагаатай ажлын зургуудыг мэргэжлийн байгууллагаар нарийн тооцоотой гаргах хэрэгтэй” гээд зураг төсөл, төлөвлөгөөг яаралтай боловсруулж танилцуулахыг үүрэг болголоо.

Exit mobile version