Нийгэм

Д.Сарангэрэл: Аялал жуулчлалын салбар 400 гаруй сая ам.долларын алдагдалд ороод байна

Нийтэлсэн

Жил бүрийн есдүгээр сарын 27-ны өдрийг Дэлхий нийтээр Аялал жуулчлалын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг угтан  Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Аялал жуулчлал ба орон нутгийн хөгжил” сэдвийн дор аялал жуулчлалын салбарын бүх шатны төлөөллүүдтэй чууллаа.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Өнөөдрийн байдлаар Монгол улсын аялал жуулчлалын салбар Ковид-19 цар тахлаас үүдэн 400 гаруй сая ам.долларын алдагдалд ороод байна. Гэхдээ би алдагдалд орлоо гээд гар хумхин суухгүйгээр харин ч боломж болгон ашиглахаар ажиллаж байгаа. Тухайлбал, бид гадны жуулчин хүлээн авах боломжгүй энэ хугацаанд аялал жуулчлалын салбарын бэлтгэл ажлыг хийх, дэд бүтцийг сайжруулах, хүний нөөцөө бэлтгэх гэх мэт олон ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна. Өнөөдрийн энэхүү уулзалтаар аялал жуулчлалын чиглэлийн мэргэжлийн байгууллага, холбоод, компаниудын төлөөллийг оролцуулан төр, хувийн хэвшлийн түшнлэлийн хүрээнд аялал жуулчлалаа хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, нэг сая жуулчны зорилтод хүрэхэд бид юу хийх вэ гэдэг талаар чөлөөтэй санал солилцож, тодорхой шийдлүүдийг гаргаж байгаа юм” гэв.

НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан мэдээллээр энэ оны эхний зургаан сарын байдлаар жуулчдын тоо дэлхий дахинд 92 хувь, Ази, Номхон далайн орнуудад 99 хувиар тус тус буурч, салбарын алдагдал 910 тэрбум ам.долларт хүрсэн, аялал жуулчлалаас бий болсон 100 гаруй сая ажлын байр эрсдэлд орсон үзүүлэлттэй буй юм.

Exit mobile version