Дэлхий
Лукашенко нууцаар тангараг өргөсний дараа Беларусьт эсэргүүцлийн жагсаал эрчээ авав
Беларусийн төрийн тэргүүн Александр Лукашенко энэ сарын 23-нд нууцаар Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг зохион байгуулсны дараа тус улсад эсэргүүцлийн жагсаал улам эрчээ авч эхэллээ. Учир нь тангараг өргөх ёслолыг олон нийтэд зарлаагүй учир Лукашенко албан ёсоор төрийн тэргүүний үүрэгт ажилдаа орсон тухай мэдээлэл Беларусийн иргэд, сэтгүүлчдийн хувьд гэнэтийн зүйл байв.
Александр Лукашенко Ерөнхийлөгчийн тангараг өргөх гэж байгаа талаар албан ёсны мэдээлэл цацагдаагүй ч Тусгаар тогтнолын ордонд болсон ёслолын ажиллагаанд түүнийг дэмжигчид болох Беларусийн өндөр албан тушаалтнууд, парламентын гишүүд, төрийн байгууллагуудын болон орон нутгийн удирдлагууд, улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын дарга нар, мөн шинжлэх ухаан, соёл, спортын зүтгэлтнүүд оролцжээ.
Лукашенко тангараг өргөж Ерөнхийлөгчийн үнэмлэх гардан авсны дараа Беларусийн Минск, Бобруйск, Гродно болон Гомель зэрэг хэд хэдэн томоохон хотуудад хэдэн зуун мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдав. Ийнхүү Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал 50 дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 200 гаруй хүнийг баривчилжээ.