Боловсрол

“САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 2020” НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛИЙН ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

Нийтэлсэн

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ бүрийг үр дүнтэй, шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээлэл танилцуулга хийх, ажлын уялдааг хангах зорилгоор нээлттэй мэдээллийн өдөрлөг арга хэмжээг Төрийн ордонд нээлээ.

“Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хөрөнгө оруулалт-2020” нээлттэй мэдээллийн өдөрлөгийн хүрээнд салбарын хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгөхөөс гадна  ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болон салбарын бусад барилга, байгууламжид тавигдах, норм стандартыг хангасан нэг маягийн зураг, макет, холбогдох судалгаа зэргийг танилцуулж байна. Энэ нь орон нутагт хэрэгжүүлэх барилгын зураг, төсөв хийлгэх цаг хугацаа хөрөнгө зардлыг хэмнэх боломж бүрдүүлж байгаа юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, “Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга замыг боловсруулж, тодорхой төслүүд танилцуулж байгаа нь арга хэмжээний нэг онцлог.  Тухайлбал,  “Хүрээ” бага сургууль, “Өргөө” цэцэрлэгийн төслийг танилцуулж байна. Нийслэлд газар чөлөөлөлттэй холбоотой сургууль цэцэрлэг баригдаж чадахгүй төсөв мөнгө нь буцаж татагддаг. Тэгвэл бага зай талбайд баригдах боломжтой энэ төсөл ойрын үеийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахад хамгийн боломжийн гэж үзэж байна” гэлээ.

Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн болон аймаг, орон нутгийн удирдлагуудтай хамтын ажлын уялдааг хангахад энэ арга хэмжээ чиглэсэн. Тэр утгаараа орон нутгийн удирдлага, Засаг дарга нарын уулзалтыг угтан Төрийн ордонд зохион байгуулж байгаа юм. Нээлттэй мэдээлэл өгөх арга хэмжээ энэ сарын 24-ний өдөр хүртэл долоо хоногийн хугацаанд үргэлжилнэ.

2020 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт нийт 614 төсөл арга хэмжээг 662,4 тэрбум төгрөг, үүнээс 362 шинэ, 252 шилжих хөрөнгө оруулалт батлагдсан.  Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд боловсролын 444, соёлын 121, спортын 38, шинжлэх ухааны 3, бусад 8 төсөл арга хэмжээ хэрэгжинэ.

 

Exit mobile version