Covid-19
АНУ-д намар, өвөл халдварын шинэ тохиолдлын тоо огцом нэмэгдэж магадгүй
АНУ-д намар, өвлийн улиралд “COVID-19” халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж болзошгүй гэж шинжээчид таамаглаж байна. Тус улсын зарим муж улсад цар тахалтай холбоотой хязгаарлалтуудыг үргэлжлүүлэн сулруулсаар байгаа юм.
Вашингтоны их сургуулийн Эрүүл мэндийн судалгаа, үнэлгээний хүрээлэнгийн гаргасан загварын тооцоолсноор, АНУ-д 12 дугаар сарын эцэс гэхэд халдварын улмаас өдөрт нас барах хүний тоо 765-аас 3000-д хүрч нэмэгдэж болзошгүй аж. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, халдварын тохиолдол, нас барсан хүний тоогоороо дэлхийд нэгдүгээрт бичигдэж буй АНУ-д 7093285 хүн халдвар авч, 20466 хүн нас баржээ.
АНУ-д халдварын үзүүлэлтүүд 10 дугаар сарын эхэн үеэс өсөж, оны эцэс хүртэл огцом нэмэгдэх төлөвтэй байна гэж Эрүүл мэндийн судалгаа, үнэлгээний хүрээлэнгийн дарга, доктор Крис Мюррей мэдээлжээ. Мөн Европт халдварын үзүүлэлтүүд хэдийн нэмэгдэж эхэлсэн байж магадгүй гэдгийг тэрбээр анхааруулсан байна.
К.Мюррейн тайлбарласнаар, “Зарим муж улсад халдварын тохиолдлын тоо буурч байгаатай холбоотойгоор хүмүүс анхаарал болгоомжоо сулруулж байгаа тул бусдаас халдвар авах эрсдэл нэмэгдэнэ. Мөн хүйтний улиралд хүмүүс дотор байхыг илүүд үзэх тул халдвар тархах магадлал улам өсөх төлөвтэй байгаа ажээ”.