Нийгэм

Тусгай албан хаагчдын эмнэлэг гэмтлийн тусламж үйлчилгээ үзүүлнэ

Нийтэлсэн

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг тусламж, үйлчилгээнийхээ цар хүрээг нэмэгдүүлж гэмтлийн тусламж, үйлчилгээг өөр дээрээ бүрэн төвлөрүүлэхээр ажиллаж байна.

Энэ талын чиглэл, арга зүйн дэмжлэг авч, ирэх жилүүдэд эмчилгээ, үйлчилгээний олон улсын up to date програмыг нэвтрүүлэхээр зорьж буйг тус эмнэлгийн захирал, анагаах ухааны доктор, дэд профессор, хурандаа Л.Баттөр хэлж байна.

Энэ талаар тэрээр, эмнэлгийнхээ үйл ажиллагааны төлвөө ЭМЯ-наас зохион байгуулж буй лавлагаа шатлалын болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөрийг хэлэлцсэн цуврал уулзалт дээр танилцуулсан юм.

Уулзалтад оролцсон Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ, “Бид хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах нэг зорилготой учраас аль ч яамны харьяа эмнэлэг байсан хамтран ажиллах ёстой. Тиймээс ТТАХНЭ, АШУИС-ийн харьяа эмнэлэг, Цэргийн төв эмнэлэгтэй нэг бодлогын хүрээнд ажиллана. Цаашид эрүүл мэндийн салбарын нөөц, бололцоог ашиглана. Эрүүл мэндийн салбарын тогтолцоо энэ рүүгээ орж байна” гэдгийг онцоллоо.

Тэрээр, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-ийн талаар хэлэхдээ, “Олон ажлын санаачилга, өөрчлөлтийг хийж байгаа, сайн менежменттэй эмнэлэг. Энэ эмнэлэг дээр гэмтлийн яаралтай тусламж, үйлчилгээг энэ оны 11 дүгээр сараас авч эхэлнэ. Мөн хавдарын болон мэс заслын тусламж үйлчилгээг нэвтрүүлэх учраас энэ талын нэлээдгүй ажлыг хийнэ.

Ер нь нэгдсэн эмнэлгүүд бүгд мэс заслын, хавдрын тусламж үйлчилгээг үзүүлдэг болно. Баянгол дүүргийн эмнэлэг энэ төрлийн үйлчилгээг авахаар болоод байна. Мөн манай нарийн мэргэжлийн эмч, багууд үйлчилгээ нэвтрүүлж буй эмнэлгүүдэд очиж ажиллана. Мэс заслын багаж, хэрэгсэлтэйгээ очиж ажиллана. Эмнэлгүүд мэс засал хийхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажил хамт хийгдэнэ” гэдгийг мэдээлэв.

Энэ нь тухай эмнэлгүүдэд цаашдаа ашиглагдаад нөөц болоод үлдэх боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Энэ талаар ХСҮТ болон ГССҮТ-ийн удирдлагуудтай ярилцаад төлөвлөгөөгөө гаргасан. Зарим шаардлагатай тусламж үйлчилгээг төвлөрүүлнэ. Үүний нэг нь Эмгэг судлалын үндэсний төв. Унтуулгын болон зүрхний цахилгаан бичлэгийн аппарат зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр эмнэлгийн нөөцийн мэдээллийн дагуу хэрэгцээтэй эмнэлгүүдийг энэ 7 хоногтоо багтаан хангана” гэдгийг дуулгалаа.

ЭМЯ-ны хамтарсан уулзалт Цэргийн төв эмнэлэгт үргэлжилж тус эмнэлэг хөгжлийн хөтөлбөрөө танилцуулах юм.

Exit mobile version