Улс төр

Х.Булгантуяа: ХҮН-ын залуучуудаас айгаад байгаа юм уу, ард түмэнд сонгох эрхийг нь үлдээх ёстой

Нийтэлсэн

Нийслэлийн Сонгуулийн хорооноос ХҮН-ыг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн шийдвэрийг шүүхээс түр түдгэлзүүлсэн. Үүний улмаас ХҮН орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, ХҮН-ынхан өчигдөр Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулсан бол МАН-ын залуу гишүүд мөн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Монгол Улс ардчиллынхаа 30 жилийн ойг саяхан сүртэй тэмдэглэсэн. Иргэд Үндсэн хуульд заасан хамгийн чухал эрхээ эдлэх, сонгох, сонгогдох боломжийг шүүх засаглал шударга бусаар, ил тодоор хааж байгааг залуу улстөрчид, МАН шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ залуучууд өнөөдөр Монгол Улсын төлөө мэддэг чаддагаа харуулах, дуу хоолойгоор хүргэхээр явж байна. МАН-ынхан ч шударга ёс, ардчилал,  ил тод байдал, Монгол Улсын хөгжлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэх нэг зорилготой.

Гэтэл шүүхээс харамсалтай шийдвэр гаргаж байна. Энэ залуучуудаас айгаад байгаа юм уу. Сонгогдоод гараад ирэх вий, бидний эрх мэдлийг хуваалчих вий, тойргийг нь хуваахаас айгаад байгаа юм уу. Ард түмэнд сонголтыг нь яагаад үлдээж болохгүй байгаа юм бэ. Дэвшвэл дэвшиг, гараад ирвэл ирэг. Яагаад эрхийг нь боож хаагаад байгаа юм бэ.

Орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлээд байсан ХҮН-ыг өнөөдөр тодорхой бус байдлаар сонгуульд оролцох эрхийг нь хааж байгаа нь, монголын ард түмний сонгох эрхийг хааж байгаад МАН-ын зүгээс бухимдалтай, шүүмжлэлтэй хандаж байгаа. Бид ХҮН-тэй нэгдэж цаашдаа тэмцэх болно” гэлээ.

Exit mobile version