Нийгэм
ГОМБЫН РАВДАН: Д.ТУЯАгийн гавьяа гайхамшигтай, баатарлаг үйлс юм
Өгүүлэхүйн урлагийн нэрт мастер, МУГЖ Гомбын Равдан гуайтай ярилцлаа. Монголын радиогийн Равдан гэвэл хөдөөгийхөн бүр ч андахгүй. Энэ эрхэм Туяагийн тухай нулимс унаган ярилцав. Тэрээр “би хэдий ах ч гэсэн түүнийг хүндэлдэг, хайрладаг, бахархдаг” хэмээв.
-Таныг Туяагийн хамаатан садан нь юм шиг түүнийг сурагладаг гэж сонссон. Өнөөдөр таны дэмждэг Д.Туяа Булган аймгийн ИТХ-д Дашинчилэн сумаасаа нэр дэвшиж байгаа. Сэтгэгдлийг тань сонсохоор ирлээ.
Туяа маань бие дааж байгаа уу, эсвэл АН-аасаа дэвшиж байна уу?
-Ардчилсан намаасаа.
Ашгүй дээ. Зөв шударга, үнэнчээр тууштай явсны үр дүнд Туяа маань олуулаа болж байгаа юм байна. Намынхаа дэмжлэгийг авч байна гэж ойлголоо. Баяртай сайхан мэдээ байна.
Хуучинсаг үзэл үүрлэсэн хөдөөд ардчиллын үрийг соёолуулж, ардчиллын үнэт зүйл, ололтыг сурталчилж, ард түмнээ гэрэлт ирээдүй рүү хөтөлсөн үр шимээ одоо л амсч байгаа юм байна даа, манай Туяа. Туяа шиг эгэл жирийн ардчилагчидтайгаа бид дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй. Туяа бол анхан шатны нэгжийн халуун фронт дээрээс гал усны гашуун зовлонг биеэрээ туулж ирсэн жинхэнэ улс төрч шүү. Манайхан УИХ, Яам тамгын газарт суусан хүнийг улс төрч гэж ойлгоод байдаг. Үгүй юмаа. Орон нутгийн анхан шатны нэгж багаас эхлээд өдий болтол зөвлон бэрхшээлийг нь яс махандаа шингэтэл дарамт шахалт, доромжлолыг үзсэн хатаагдсан улстөрч гэж Туяаг хэлнэ. Хатуу хөтүүг бүсгүй хүний хувьд давсан, шантрашгүй, мятаршгүй, тууштай зүтгэлийг ардчиллынхан харж Туяагаар бахархах ёстой.
-Та анх Туяа гэдэг улс төрч бүсгүйн тухай хэрхэн олж мэдэв?
2009 онд нэрт сэтгүүлч Б.Ганчимэгийн “Шар Туяа” нийтлэлийг уншаад үнэхээр сэтгэл хөдөлсөн. Тэр үед уншиж байсан сэтгэгдэл зүрх сэтгэлд минь байнга хадаастай явдаг юм.
Коммунистуудын үзэл бодлоор “балбуулж балбуулж” шантардаггүй ганц эмэгтэй орон нутагт байна гэдгийг уншаад үнэхээр их цочирдсон. Тэгж тэмцэж байгааг уншаад ухаан санаанд багтахгүй байгаа юм чинь. Тэгээд Шар Туяагийн талд бат зогссон. Сэтгэлийн дуудлагаар үзэл санаагаараа нэгдсэн. Эмэгтэй хүнийх нь хувьд өрөвдөж, бахархах, хайрлах сэтгэл төрсөн. Түүнээс хойш энэ хүнийг ганцаардуулмааргүй, хань болох юмсан, яаж тус дэм болох вэ гэж бодсон. Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, алдарт сэтгүүлч, СГЗ Дамбын Шагдарсүрэн рүү утсаар яриад “Үндэсний шуудан” сонинд нийтлэгдсэн “Шар Туяа” нийтлэлийг уншаарай гэсэн. Сосорбарам утсаар ярихдаа “Үүнийг уншаад багтраад, уйллаа. Бид Улаанбаатарт ардчилал, ардчилал гэж гүйх юу ч биш, хөдөө орон нутагт ганц эмэгтэйг нухчин дарж, зоригийг нь мохоовол мохоохоор, хаширвал хаширтал нь дарж байна” гэж хэлж байсан. Түүнээс хойш Туяатай уулзаж, танилцах юмсан гэж боддог байсан.
-Одоо болтол та хоёр уулзалдаагүй юм уу?
Уншсаныхаа дараа Туяагийн тухай нэвтрүүлэг хийлгэмээр, сэтгэгдлээ бичмээр ч юм шиг санагдсан. Сосорбарам бид хоёр захидал бичье гэж ярьж байсан. Харин бид утсаар холбогдсон. Сэтгэгдлээ хэлээд “Бидний сэтгэл зүтгэл нэг юм шүү, битгий бууж өгөөрэй, ард чинь ах нар чинь байгаа, чи ганцаараа биш шүү” гэдгээ дуулгасан даа. Би Ганчимэгийн нэг ярилцлагад орж байхдаа “Шар Туяа минь хаана, яажшуухан явна гэж асуухад, хамаатнаа сураглаж байгаа юм шиг” гэж бичсэн байсан. Яаж дарамтлуулж, шахагдаж яваа бол гэхээс санаа зовдог. Сүүлд сураглахад хотод сэтгүүлч хийж байгаа гэж сонссон. Бид хааяа л утсаар холбогддог. Гэтэл нэг өдөр Шаагаа надад “Нөгөө Шар Туяатай би уулзчихлаа” гэж ярьсан. Тэр хоёр Байгаль орчин хамгааллын тухай МҮОНРТ-ын нэвтрүүлэгт уригдан оролцсон юм билээ.
-Тэр нийтлэл Шар Туяа бусдад муу яригдсан ч тууштай Ардчилал, газар нутгийнхаа төлөө тэмцээд явдаг олон үйл явдал гардаг шүү дээ. Тэндээс хамгийн их сэтгэлд тань үлдсэн хэсэг аль нь вэ?
Одоо ч гэсэн тэр нийтлэлийн үг өгүүлбэр, үйл хөдлөл бүхэн нүдэнд харагдаж байна. Хаа байсан тэр Булганы Дашинчилэнд ганцаараа ардчиллын төлөө ямаагаа зараад хүний мотоциклд бензин хийгээд явсныг манай сэтгүүлч нүдэнд харагдтал бичсэндээ. Бичсэн сэтгүүлч мундаг, бичигдсэн тэр баатар Туяа бүр мундаг. Хүнд хэцүү нөхцөлд ардчиллыг орон нутагт тогтоохын тулд амьдралаараа дэнчин тавьж үнэнчээр яваа Туяагийн гавьяа гайхамшигтай, баатарлаг үйлс юм.
Ардчиллын зарчмыг жинхэнэ утгаар нь ойлгодог, дэмждэг олон хүний зүрх сэтгэлд тэр нийтлэл хүрсэн байх. Шар Туяа шиг тууштай тэмцэгч хүнээр бидний ардчилал оршин тогтнож байна гэж би боддог юм.
Сосорбарам бид нар ардчиллын үйлсийн төлөө, уран бүтээлчдийнхээ тэргүүн эгнээнд явж шахагдаж, үгээ хэлж, бишгүйдээ л үзэлцэж явсан. Түүний хажууд биднийх юу ч биш.
Тиймээс Туяагийнхаа ажлын төлөө цөхрөлтгүй, тууштай, үнэнч, дайчин шаргуу “тэмцэгч” үзлийг зүрх сэтгэлдээ үргэлж дэмжиж явдаг юм.
Би Дашинчилэнгийн сонгогчдод хандаж үг хэлж болох уу?
-Бололгүй яахав. Та сонгогчдод хандаж юуг онцолж хэлмээр байна вэ?
Булган аймгийн Дашинчилэн бол нийгэм, төрийн далайцтай, бүсгүй хүний ухааны ундарга сайтай газар шүү. Монгол төрд тууштай, зүтгэлтэй, ноён нуруутай С.Удвал гуайн үүрэг оролцоог Монголы ард түмэн андахгүй. Түүний араас замнаж яваа нэг залгамж халаа нь тэмцэгч Туяа гэдгийг ойлгож сонголтоо хийгээрэй.
Уужим саруул Удвал гуайнхаа ухаанаар тунгааж энэ эмэгтэйг дэмжээрэй гэж Дашинчилэнгийнхэнд захимаар байна. Одоо бол Туяа орон нутгийнхаа элч төлөөлөгчөөр сонгогдож, илүү ихийг хийх цаг нь болсон гэдгийг Дашинчилэнчүүд надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байхаа. Сонголтоо зөв хийнэ гэдэгт найдаж байна. “Ардтүмнийхээ дэмжлэгийг аваад, хийсэн ажлынхаа үр дүнг хүртээд, баяртайгаар сайхан уулзахын ерөөл тавьж байна” гэж Туяад минь бас дамжуулаад өгөөрэй.