Нийгэм
ЦЕГ-ын дэд дарга Ж.Амгалан: Автомашины дугаарыг тэгш, сондгой горимд шилжүүлэхээс өөр арга үнэндээ алга
Нийслэлийн удирдлагууд өнөөдөр Улаанбаатар хотын замын түгжрэлийг хэрхэн бууруулах тухай асуудлаар хуралдлаа.
Тус хуралд оролцсон ЦЕГ-ын дэд дарга Ж.Амгалан авто машины хөдөлгөөнийг тэгш, сондгой горимд шилжүүлэх саналтай байгаагаа хэллээ.
Тэрээр “Цагдаагийн байгууллагын зүгээс авто машины хөдөлгөөнийг тэгш, сондгой гэсэн горимд шилжүүлэх саналтай байна. Үүнийг иргэд олон нийтээс асууж өгөөч. Иргэд маань дэмжихгүй бол шат дараалсан арга хэмжээнүүдээ аваад явна биз.
Эхний ээлжид авах арга хэмжээ бол тэгш, сондгой горим руу шилжих. Одоогийн байдлаар үүнээс өөр шуурхай хэрэгжүүлчих арга хэмжээ үнэндээ алга. Энэ аргыг хэрэглэхээс мэдээж татвар хураамжийн асуудлууд хөндөгдөнө. Гэхдээ түүнийг нь зохицуулах арга олдоно гэж бодож байна. Үүнийхээ дараа төлөвлөгөөнийхөө дагуу замын хөдөлгөөний ачааллыг бууруулах шат шатны ажлуудаа хийх хэрэгтэй” гэлээ.