Covid-19
Дональд Трампын цусан дахь хүчилтөрөгчийн түвшин хоёр удаа унасан ч эмнэлгээс гаргахаар төлөвлөж эхэлжээ
Коронавирусийн халдвар авсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр гурав дахь өдрөө Уолтер Рид эмнэлэгт эмчлүүлсэн байна.
Сүүлийн хоёр өдөр Трамп халуураагүй бөгөөд байдал энэ хэвээр үргэлжилбэл эмнэлгээс гаргах төлөвлөгөө боловсруулж эхлэхээ Цагаан ордны ерөнхий эмч Ням гарагийн өглөө мэдэгджээ.
Тодруулбал хамгийн эртдээ Даваа гарагт багтаж ерөнхийлөгчийг Цагаан ордонд шилжүүлэх боломжтой гэсэн байна. Remdesivir вирусийн эсрэг үйлчилгээтэй эмийг Трамп таван өдөр уух ёстойгоос хоёр өдөр нь уугаад байгааг бас мэдээлжээ.
Үүнээс гадна хүчтэй стероид болох дексаметазоныг эмчилгээнд хэрэглэж байгаагаа мэдэгдсэнээс үзвэл коронавирусийн халдвар Трампын уушгинд нөлөөлсөн байж магадгүй байна.
Эмнэлэгт хэвтсэн эхний өдөр ерөнхийлөгчийн цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ хоёр удаа 90 хувиас доош унасны дараа буцаж 99 хувьд хүрч тогтворжсоныг мэдээлжээ.
Үүний улмаас Бямба гарагт хүчилтөрөгчийн нэмэлт хангамжийг өвчтөнд залгасан тухай Цагаан ордны эмч мэдээлсэн байна.
Цагаан ордны ерөнхий эмч Шон Конли өмнөх өдөр нь сэтгүүлчидтэй уулзахдаа Трампын бие сайжирч байгаа гэхээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм. Үүний дараа түүнийг бодит байдлыг нуун дарагдуулсан гэсэн шүүмжлэл гарсан тул Ням гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр эмчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ.
Бямба гарагийн орой Трамп эмнэлгээс гаргасан видео мэдэгдэлдээ түргэн эдгэрээд сонгуулийн ажилдаа буцаж орох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. “Америкийг дахин хүчирхэг болгох ажил биднийг хүлээж байгаа тул би удахгүй буцаж ажилдаа орно” гэж тэр мэдэгджээ.
Өрсөлдөгч Жо Байден нь түүнийг эмнэлэгт хэвтэх хугацаанд сөрөг сурталчилгаа явуулахгүй байхаар шийдсэн байна.
Байдены зөвлөх Саймон Сандерс өчигдөр CNN сувагт ярихдаа “Бид ерөнхийлөгчийг түргэн эдгэрээд сонгуулийн үйл ажиллагаандаа буцаж ороосой гэж хүсэж байна. Энэ бол вирусийн аюул бодит болохыг бидэнд сануулсан хэрэг байлаа” гэжээ.
Эх сурвалж: AFP